“Нүүрсний” гэх тодотголтой, эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авч, өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт холбогдсон 91 хүнд холбогдох хэргүүдэд сүүлийн хоёр жилийн хугацаанд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ.
Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн, нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оноогоод буй юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийн хэргийг хамгийн сүүлд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэн анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг нь багасгасан ч гэм буруутайд тооцсон билээ. Шүүхэд шилжүүлсэн ч шийдвэрлээгүй хэргүүд бас бий.
Тэгвэл өдгөө АТГ, ЦЕГ, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийнхэн 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд тэдгээрт УИХ гишүүн, гишүүн асан тав, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, ИТХ-ын дарга асан зэрэг 43 албан тушаалтан яллагдагчаар татагдаад буй юм. Тухайлбал, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Р.Сэддорж, гишүүн асан, “Ажнай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, Говь-Алтайгаас сонгогдсон Ш.Раднаасэд, Архангай аймгийн төлөөлөл болж байсан Ж.Мөнхбат нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах, хянах ажиллагаа хараахан дуусаагүй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
аймгийн төлөөлөл гэж юу байдаг юм бэ. хаана хэнийг төлөөлсөн юм бэ. их хурлын гишүүн юм бол тэгээд бичээч