Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсоор байна.
Уг нь АТГ-аас хэдэн жилийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, түүний харьяа агентлаг болох АМГТГ-т шалгалт хийгээд төрийн албан тушаалтнууд хувийн компанид давхар ажиллаж, цалин авч буйг тогтоосон байдаг.
Тус газрын мэргэжилтнүүд нефть, алт, нүүрс зэрэг ашигт малтмал олборлодог гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компанид шинжээчээр ажиллаж, үйл ажиллагааных нь тайланг гаргаж өгөөд тухайн компаниудаас хамгийн багадаа гурван сая, дээд тал нь 20 сая төгрөгийн давхар цалин авч байсан юм. Гэвч АМГТГ-ынхан ашиг сонирхлын ямар нэг зөрчилтэй байсаар буйг хэд хэдэн албан тушаалтных нь холбогдсон хэргээс харж болох юм. Хамгийн сүүлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн АМГТГ-ын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргалд холбогдох хэргийг шалгаж дуусан яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд байна. Мах, махан бүтээгдэхүүн, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Куриал” хэмээх компани Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг, Хөтөл хяр гэдэг газарт 390 орчим га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших болсон аж. Үүнд нь М.Энхжаргал албан тушаалаа урвуулан ашиглаж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал бий болгосон хэмээн шалгуулсан байна.
Үүнээс өмнө АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Дашзэвэг нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш шийдвэрлэж чадалгүй багагүй хугацаа өнгөрлөө. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт шүүх хурлыг товлосон ч аравдугаар сарын 22-ныг хүртэл хойшлуулжээ. Учир нь хохирогч, шинжээч нарыг заавал биечлэн оролцуулах шаардлагатай гэж үзсэн гэнэ.
Түүнчлэн дээрх газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө нийслэлийн Засаг даргын харьяа агентлагт удирдах албан тушаал хашиж буй Р.Энхтайван, АМГТГ-ын мэргэжилтэн Г.Эрдэнэболд нарт холбогдох, гар аргаар алт олборлогч “Арвин баялаг” төрийн бус байгууллагынханд бичил уурхайн үйл ажиллагаа явуулж болох тухай давуу байдал бий болгосон албан бичиг гаргаж өгсөн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байсан. Өнгөрсөн долоо хоногт уг хэргийг хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй хэмээн дээрх хоёр албан тушаалтныг цагаатгажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.