СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-30

Нийтийн тээвэр нь хүртээмжтэй хотын иргэн байж үзэх юмсан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монголд өнөөдөр Улаанбатарын иргэн өдөрт дунджаар 2-3 цагийг зам дээр түгжирч өнгөрүүлж байна. Энэ хугацааг жилээр нь тооцоод харвал 35-40 өдрийг бид зам дээр зарцуулдаг гэсэн үг юм. Нэг гэр бүлийн өдөрт замын түгжрэлд зарцуулах цаг тогтмол ийм хугацаатай байх нь хүүхдэд чанартай цаг зарцуулах, гэр бүлийн чөлөөт цаг ч хомстож байгаа явдал.

Түгжрэлийн асуудлаар тэргүүлэгч улс орнуудын хувьд түгжрэлийг бууруулахын тулд олон нийтэд хүртээмжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх арга замыг сонгож иржээ. Тухайлбал, Английн Лондон хотод замын түгжрэлийг ухаалаг хэрэглээтэй хослуулж өгсөн байна. Мөн аяллыг төлөвлөгч аппликэйшн бүтээгдсэнээр хөдлөх цэгээс очих цэг хүртэлх замын түгжрэлийн нөхцөл байдал болон хэр хурдан очиж болохыг харуулдаг аж. Мэдээж түгжрэлийн хамгийн том зохицуулагч бол машинаас бусад төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ юм. Метро, унадаг дугуй бол томоохон хотуудын хамгийн чухал шийдлүүд гэдэгтэй хэн ч маргахгүй.

2012 онд замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд “Гудамж төсөл”, “Уулын зам”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн тодорхой зорилттой төслүүд хийгдэж байсан санагдана. Уг төсөл хөтөлбөрүүдийг илүү далайцтай, урт хугацааны хөтөлбөр болгоод явуулсан бол тодорхой шийдлүүд аль хэдийнэ хэвшчихсэн байх байлаа.

Эрх баригчдын бодлогын түвшинд гаргаж байгаа шийдвэр болгон зөв гэдэг өрөөсгөл ойлголтоос хальж сөрөг хүчний нийслэлд хийж болох төсөл хөтөлбөрүүдийг ч бас олон талаас нь харж, бодлогоо солонгоруулаасай.

Тухайлбал, тусгай замын автобус гэдэг манайд яг өнөөгийн нөхцөлд боломжгүй хувилбар биш. Агаарын дүүжэн гүүр гэдгээс бодитой сонсогдоно. Хурдны хөнгөн галт тэрэг LRT-р зорчих боломж манайх шиг 1.5 сая хүн амтай мегаполис хотод  боломжгүй биш. Д.Сумъяабазарын үед өрийн таазыг давна, үнэтэй гэсэн шалтгаанаар энэ төсөл үндсэндээ аман байдлаар яригдаад л дууссан. Гэхдээ хот үргэлж өнөөдрийн ачаалал, хүн амтайгаа байхгүй. Жил ирэх тусам өргөжин тэлж, хүн амын тоо нэмэгдсээр байх болно. Ойрын 10 жилд боломжгүй мэт сонсогдож байгаа ч түүнээс цаашхи хотын шинэ иргэдэд хамгийн хүртээмжтэй бүтээн байгуулалт болсон байх болно.

Хотын нэг захаас нөгөө зах хүртэлх түгжрэлийг LRT-р шийдвэрлэх нь манайдаа одоогийн нөхцөлд байж болох хамгийн том гарц, боломж юм аа.

Нөгөөтэйгүүр, хичээлийн шинэ жил эхэлсний дараа хотын түгжрэлээс гадна иргэдийг бухимдуулдаг хамгийн том асуудал бол нийтийн тээврийн цагийн хуваарь. Сүүлийн долоо хоногт л гэхэд хотын баруун хэсгээр нийтийн тээврийн цаг холдож улмаар иргэдийн бөөгнөрөл үүссэн нь замын түгжрэлд ч нөлөөлж буй. Тиймээс ганц урт биш богино чиглэлийн ганц том оврын бус бага дунд багтаамжийн сонголттой, нийтийн тээврээр үйлчлэх нь зөв юм.

Замын түгжрэл, нийтийн тээврийн ойлгомжгүй шийдвэрүүдээс үүдэж орчин үеийн залуус илүү хурдан,шуурхайг нь бодож скүүтер, суррон ашигладаг ч зориулалтын бус замаар зорчих нь нийтийн тээвэр, автомашин болон явган зорчигдод ч давхар давхар эрсдэл үүсгэж байгаа нь энэ.

Тиймээс нийслэлийн хэмжээнд бодлогууд нь хоорондоо уялддаг, шийдвэрүүд нь нөгөө шийдвэрээ үгүйсгэсэн, зөрчилдсөн биш байх нь иргэдийн хувьд хамгийн чухал болоод байна. Замууд нь олон улсын стандартад нийцсэн, нийтийн тээврийн өргөн сонголттой, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан байвал иргэд заавал зам дээр амьдралынхаа үнэт цагийг зарцуулах шаардлага алга аа.

Т.БАТСҮРЭН

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.