Автотээврийн Үндэсний Төвөөс улс, хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгчдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдэд ажиллалаа. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 61 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зайлшгүй байх шаардлагатай тоноглол, хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.
Ийнхүү газар дээр нь шалгаж, гарч буй зөрчил дутагдлыг арилгуулахаас гадна тухайн тээврийн хэрэгсэл, жолооч нарын харьяалагдах аж ахуй нэгжүүдэд үүрэг чиглэл өгч, цаашид техникийн бэлэн байдлыг хангуулж, иргэд зорчигчдод сааталгүй үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг сануулав.