ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенц 2006 оноос хэрэгжиж эхэлснээс хойш хүрээгээ тэлж өнөөгийн байдлаар 178 улс нэгдэн ороод буй. Энэхүү конвенцын Засгийн газар хоорондын хорооны XIII ээлжит хурал Бүгд Найрамдах Маврики Улсын нийслэл Порт Луис хотод энэ сарын 1-нд болжээ. Засгийн газар хоорондын хороо нь конвенцын Ерөнхий ассамблейгаас дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогддог 24 улсаас бүрддэг.
Уг хурлаар хороо нь соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн зохицуулалтыг ханган ажиллаж буй улс орнуудын конвенцын хэрэгжилтийн хугацаат тайлан, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн асуудлууд, олон улсын хамтын ажиллагааны механизм, соёлын биет бус өвийн сангийн хөрөнгийн хуваарилалт зэргийг авч хэлэлцсэн байна.
Монгол Улсаас 2017 онд хүргүүлсэн конвенцын хэрэгжилтийн хугацаат тайлан болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол тууль, Монгол бүжгийн уламжлалт урлаг–бий биелгээ, Монгол цуур–хөгжмийн урлаг, Монгол уран бичлэг зэрэг өвүүдийн хугацаат тайланг уг хурлаар авч хэлэлцэв. Хороо нь конвенцын хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, идэвх хүчин чармайлтыг сайшааж, бүлэг хамт олон, хувь хүмүүс, төрийн бус байгууллагуудыг өвийн хадгалан хамгаалах үйл ажиллагаанд өргөн хүрээтэй оролцохыг зөвлөмж болгосон аж.