СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгийн удирдлагад торгох ял шийтгэв

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалан өнгөрсөн баасан гараг болон уржигдар хянан хэлэлцсэн юм.

Эл хэрэгт 2016 оноос хойш Баян-Өлгий аймгийн ИТХ-ын болон Засаг даргаар ажиллаж байсан Д.Бауыржан, 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга байсан, АТҮТ-ийн дэд дарга зэрэг албан тушаал хашсан А.Гылымхан, тус аймгийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн салбар хариуцсан орлогч А.Камелият, 2016-2020 онд ИТХ-ын нарийн бичгийн дарга асан А.Серикболат, Улаанхус сумын Засаг дарга О.Нурлан, Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаныш, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман, ИТХ-ын ажлын албаны эрх зүйн ажилтан Т.Аршагүль, Цэнгэл сумын Засаг дарга Д.Ербол, Цагааннуур тосгоны захирагч Д.Есболат гэсэн 14 хүнийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь удаа дараа мэдээлсэн.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 19.16-1 дэх хэсгийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралд улсын яллагчаар тус газрын хяналтын прокурор Н.Улсболд, У.Анхжаргал нар оролцсон юм. Дээрх шүүгдэгч нар Улаанхус, Дэлүүн, Сагсай сумд шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд казах нэрээр оруулсан хэмээн буруутгагдсан юм. Шүүхээс 10 шүүгдэгчийг газар орны нэр өөрчилсөн гэм буруутайд тооцож, дөрвөн хүнийг нь цагаатгажээ. Тодруулбал, Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият нарыг 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хассан байна. Шүүгдэгч А.Серикболат, С.Арман, О.Нурлан, К.Хуаныш, С.Хонаев, К.Бекжан нарыг 10 сая, Д.Болатыг таван сая төгрөгөөр торгох ял оноожээ. Харин Т.Аршагүль, Д.Ербол, Д.Есболат, Ө.Хуралай нарын холбогдсон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.