СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-23

Б.Мөнхбат: Чингэлтэй дүүргээ 3 жилийн дотор орон сууцжуулна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
2 сарын өмнө

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Б.Мөнхбаттай ярилцлаа.

-Чингэлтэй дүүрэг хотын төвд хамгийн ойрхон дүүрэг. Гэтэл хүн амын хэдэн хувь нь гэр хороололд, хэдэн хувь нь орон сууцанд амьдарч байна вэ. Яг хотын төвийн дүүрэг шиг бизнесийн төв, худалдаа үйлчилгээний төв болгох бололцоо хэр байдаг юм бэ?

-Манай Чингэлтэй дүүрэг 144 мянган иргэнтэй, 37 мянга орчим өрхтэй. Засаг захиргааны нэгжээр 24 хороотой. Үүний зургаан хороо нь байшин хороолол буюу хотын төвийн хороолол. Хороодын 18 нь гэр хороолол. Үндсэндээ нийт хүн амын маань 70 хувь нь гэр хороололд амьдарч байна. Улаанбаатар хотын төв цэгээс манай дүүргийн иргэд суурьшсан хамгийн хол цэг хүртэл 20 орчим км л байгаа. Энэ хүрээн дотор л амьдарч байна. Газар нутгийн хэмжээ 8.9 мянган га. Бусад дүүргийнхтэй харьцуулбал харьцангуй бага хэмжээ. Газар нутгийн хэмжээ хамгийн бага, хүн амын тоо харьцангуй цөөн гэсэн үг.

Улаанбаатарын төв цэгээс хоёр км-ийн зайд байгаа 9 дүгээр хороон дахь Дэнжийн мянгын цагаан байр, Зурагтын МҮОНРТ орчим гээд л гэр хорооллоороо байж байна. Сүүлийн дөрвөн жилд Улаанбаатар хотын хүн ам нэмэгдээд байхад эсрэгээрээ манай дүүргийн хүн ам багасч байгаа. Яагаад хүн ам багасч байна вэ гэхээр нэгдүгээрт, манай дүүргийн газар нутаг бага, хоёрдугаарт, хүн ам суурьших байршилд бүрэн суурьшаад дуусчихсан, шинээр тэлэх бололцоо байхгүйтэй холбоотой. .

-Тэгэхээр хүн ам нэмэгдэхгүй байгаа нь шинэ орон сууц баригдаагүйтэй холбоотой гэсэн үг үү. Уг нь хотын төвд ойр байршил гэдэг нь төвлөрсөн дэд бүтэц, дулааны шугам сүлжээтэй ойр байгаа хэрэг шүү дээ. Энэ бололцоог дагаад орон сууцны хороолол нэмэгдэх таатай нөхцөл баймаар юм?

-Шинэ орон сууц баригдахгүй байна. Үндсэндээ хотын төвийнхэн 40, 50 мянгат, Бага тойрог гэсэн далаад оны барилга байгууламж бүхий суурьшлын бүсдээ л байна. Эдгээр нь дахин төлөвлөгдөөд өндөр байшин барилга барих бололцоогүй. Нөгөө талдаа газар нутаг нь жижиг учраас орон сууц бүхий хотын төвийн хэсэгтээ шинээр барилга нэмэгдэх үйл явц бараг үгүй. Тийм учраас гэр хорооллын иргэд нь өөр дүүрэгт орон сууц руу шилжин нүүхэд хүн ам цөөрөх, хуучин хашаа байшинд нь түр оршин суугчид нэмэгдэх хандлагатай ийм л суурьшлын бүс болчихоод байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-д Чингэлтэй дүүргээс сонгогдсон төлөөлөгчид яг энэ парадокс үүсгэж буй асуудал дээр төвлөрөн ажиллаж, бодлого шийдэл гаргая гэдэгт санал нэгдсэн. Дүүрэг маань хөгжлийн хувьд хоцорлоо, хоёрдугаарт, хүн ам цөөрөөд ирлээ. Гуравдугаарт, хүн ам цөөрөхийг дагаад дүүргийн нийгэм, эдийн засгийн байдал, санхүү мөнгөний урсгал тэр хэмжээгээр байхгүй болж байна. Тэгэхээр гэр хорооллыг барилгажуулах ёстой гэдэг асуудалд анхаарсан. Улмаар Энэ нь явсаар байгаад өргөжөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй удирдлагууд хууль боловсруулан УИХ-д өргөн барьж батлуулсан. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах тухай тус хуулийн хүрээнд манай Чингэлтэй дүүргийн дээрх хоёр хороо болон Сүхбаатар дүүргийн 15,14 дүгээр хороог хамарсан 158 га газар дээрх гэр хорооллыг барилгажуулья, энэ газар нутагт амьдарч байгаа нийт

Өнгөрсөн 2022 онд Сэлбэ ДЦС ашиглалтад орсон. Тус станц 29 мегаваттын дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд эндээс эх үүсвэрээр хангагдах орон сууцны хорооллуудыг барих асуудал яригдаж, одоогийн байдлаар нийт 2206 өрхийн 1300 орчим айлын газрыг мөнгөөр үнэлж авах замаар газрыг чөлөөлж байна. Үлдсэн 1000 орчим өрхийн газрын төлбөрийг нийслэлийн төсвийн тодотголоор шийдвэрлэх гэж байна. . Эдгээр орон сууцнаас нэгийг нь ч зарахгүйгээр зөвхөн газраар солих хууль батлагдсан. Тэгэхээр манай дүүргийн 14, 18 дугаар хорооноос гадна 13, 15, 16, 17, 22, 12,11 дүгээр хороодын газар нутагт хашаандаа амьдарч байгаа иргэдийг тэр орон сууцанд оруулах бололцоо бүрдэж буй юм. Үндсэндээ гэсэн үг.

-Газар чөлөөлөлтийн ажил хэзээ дуусах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Үлдсэн айлууд энэ ондоо багтаад нүүх юм. Газар чөлөөлөлтийн ажил энэ онд маш эрчимтэй өрнөсөн. Иргэд маань идэвх санаачлагатай оролцсон. Хоёрдугаарт, газрыг зах зээлийн үнээр үнэлсэнтэй холбоотой. Хадаас бүрийг үнэлсэнтэй адил. Газраа өгөөд нүүсэн айлууд их сэтгэл хангалуун байгаа. 256 сая төгрөгөөр хашаа байшингаа худалдаад хотын төвд хоёр өрөө байр, зусланд жижиг байшин худалдаж аваад газартэй боллоо. Гэр хороололд байснаас таатай сайхан амьдарч байна гэж ярьж буй иргэд олон.
12 мянган айлын орон сууц маань ямар онцлогтой байх вэ гэхээр нэгдүгээрт, нийгмийн дэд бүтэцтэйгээ буюу сургууль цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний төв, ажлын байртайгаа хамт төлөвлөгдөх учраас үндсэндээ Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Хорин минутын хот” концепцийг хангасан нэг төв болох юм. Энэ төсөл . Тэгэхээр бидний агаар ус, хөрс, орчны бохирдол, нийгмийн дэд бүтцийн асуудлууд хамтдаа шийдэгдсэнээр жишээ нь, иргэд Долоон буудлаас 1 дүгээр эмнэлэгт үзүүлэхийн тулд түгжрэлд явахгүйгээр асуудлаа шийддэг болно гэсэн үг юм.

-Улсын эмнэлэг байх юм уу, хувийн хэвшилд бас боломж олгох юм уу?

-Хувийн хэвшлийнхэндээ боломж олгоно, түүнчлэн улсын эмнэлэг ч байх ёстой. Бидний зарчим бол бизнесийнхнийг урьж байгаа. Кинотеатраас авахуулаад томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийнхнийг, хувийн сургууль, цэцэрлэгийг гээд.

-Гол нь ажлын байр бас хэрэгтэй. Тэгэхээр тэнд ажлын байр гаргах, бизнес эрхлэх хөрөнгө оруулагчдад илүүтэй ямар боломж, бололцоог өгч чадах вэ?

-Хот үүнийг нээж өгч байгаа. Бидний төлөвлөлттэй уялдуулаад хамтраад оролцооч гэдэг уриалгыг явуулж байна. Үндсэндээ 158 га газрынхаа төлөвлөлтийг батлуулчихсан. Энд нь үйлдвэр үйлчилгээ, тэнд нь аж ахуйн нэгжүүдийн оффис байна гэдгийг маш тодорхой төлөвлөсөн. Төр өөрөө кинотеатр, худалдааны төв барих гээд байж байвал утгагүй зүйл шүү дээ. Гэхдээ төлөвлөлтдөө тусгана, дэд бүтцийг нь хангаж өгнө. Ийм зарчмаар

-Хотыг төлөвлөхөд хамгийн гол үндэслэл нь хүмүүсийн зорчих хөдөлгөөн байдаг. Нийтийн тээврийг хөдөлгөөнд голчлох уу, хувийн автомашин голчилсон байх уу гэдгээс хамаарч, гаднаа олон зогсоолтой нам давхрууд барих, эсвэл зогсоол цөөтэй олон давхар барих төлөвлөлтийг хийдэг. Үнэндээ өнөөдөр гэр хорооллын айл болгон машинтай байгаа. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт дөхүүлэх, ус, түлээ зөөх зэрэг ажлаа машинаар амжуулдаг. Тийм учраас хашаа болгон машины зогсоол. Амьдралын энэ хэв маягийг тийм амар өөрчилж чадахгүй гэвэл энэ онцлогийг төлөвлөлтдөө тусгаж байгаа юу?

-Энэ төлөвлөлтөд аль болох өндөр буюу олон давхар байрны төлөвлөлт бага, нам давхрын орон сууцны төлөвлөлт голчилж байгаа. Нэгдүгээрт, хэт өндөр орон сууц барьчихаар хүн амын нягтаршлыг дахиад нэмнэ. Тэр хэмжээгээр төрийн болон бусад үйлчилгээний асуудал хүндэрнэ. Гэхдээ нийслэл хотын ирээдүйг иргэд аль болох өдөр тутамдаа автомашин хэрэглэхгүй, түгжрэл үүсгэхгүй байх төлөвлөлт рүү шилжүүлэхийг зорьж буй. Үүний тулд нийгмийн дэд бүтцийг байгуулж өгнө. “Хорин минутын хот” концепци бол та хорин минут алхаад үйлчилгээгээ ав гэдэг зарчим юм. Гэр хорооллыг орон сууцжуулж байна гээд тэр хэсэгтээ мухардал, түгжрэл үүсгэж болохгүй.
Тэгэхээр гэж байгаа юм.

-Шинэ хороололд шилжин нүүж очих хороодын хүмүүсийн ажил эрхлэлт ямархуу хэв маягтай вэ?

-Дүүргийн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн орон зайг аваад үзэхэд Төв аймаг, Налайх дүүрэг гээд янз бүрийн радиуст байна. Тэгэхээр эхний ээлжинд ажлын байрыг дүүрэгт нь авчирья. Гэрийн ойр ажиллаж амьдрах бололцоог нээе гэж зорьж байна.

-Гэр хорооллын айлуудад нэг нийтлэг зүйл байдаг нь хэн нэгэн нь зайлшгүй гэрээ хардаг. Гэр бүлийн нэг нь ажил хийгээд нөгөө нь гэртээ хүүхдүүдээ ирэхэд гэр орноо дулаахан, гал хөстэй байлгах гэж үлддэг. Бүх зүйл нь нэг дор төвлөрвөл гэр сахих хүн төдийлөн шаардлагагүй болно гэвэл тэдэнд ажлын байр хэрэгтэй болж таарна?

-Цэцэрлэг, сургуульд хүүхдээ зөөхийн тулд айл болгон нэг хүн гаргачихаад байна. Аюулгүй байдлаа бодно, гэрийн тав тух, гал хөсийг бас бодож байна. Хүүхэд зөөх асуудал шийдэгдчих юм бол хөдөлмөр эрхлэлт бас нэмэгдэнэ.Манайд 18 мянга орчим ахмад настан байдаг. Тэдний 10 мянга орчим нь хөдөлмөр эрхлэх бололцоотой хүмүүс байна. Боловсролын салбараас тэтгэвэртээ гарсан манай ахмад багш нар гэхэд өнөөдөр боловсролын салбартаа зөвлөгөө, туслалцаа өгөх бололцоотой байна. Тэгэхээр бид 2025 оны нэгдүгээр сараас сайн дурын ажилтан бэлтгэнэ. Тодорхой хэмжээний урамшуулалтай сайн дурын ажилтнууд сургуулийн хүүхдүүдийг нэг чиглэлд авч яваад гэрт нь хүргэдэг, нэг хэсэг нь чанар, хүртээмж үйлчилгээнд зөвлөн тусалдаг байя гэж. Манай дүүргийн хувьд нэг онцлог ажил байдаг юм. Бидэнд үүнийг хэрэгжүүлсэн амжилттай туршлага бий. Гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй булан тохойг хянах, хог хаягдал үүсгэхгүй байхаас эхлээд байгууллагад зөвлөгөө өгдөг, заримдаа шаардлага тавьдаг, тусалдаг ажил хийдэг. Зөвхөн гэмт хэргээс сэргийлэх биш бүхий л салбарт ийм сайн дурын ажилтнуудыг бий болгоё. Амьдралд идэвхтэй байх боломж бололцоотой ахмадуудыг ашиглан боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд дутагдалтай байгаа хүний нөөцийг нөхье гэж буй юм.

-Чингэлтэй дүүргийн эдийн засгийн үндэс юу байдаг юм бэ. Одоо шинэ хотхон руу ажлын байр нэмье гэвэл ямар үйлчилгээ, үйлдвэрлэл, ажлын байр илүү төвлөрөхөөр байна вэ. Дүүргийн байршлаас хамаараад онцлог байж таарна?

-Мөнгө эргэлдэж байгаа салбар нь худалдаа үйлчилгээ. Томоохон зах, үйлчилгээний төв олонтой. Бөмбөгөр, Хүчит шонхор, Нарантуул-2 гээд томоохон захуудтай. Дараагийн нэг том хүчин зүйл нь төрийн байгууллага, дээр нь оффисууд. Хотын төв учраас түрээсийн оффисын үйлчилгээ их дэлгэрсэн. Байгаа барилга байшин бүхэн оффис, шинээр баригдсан шилэн барилга болгон бас оффис гэж хэлж болно. Энэ онцлогууд нь л дүүргийн эдийн засгийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр бусад дүүргүүдтэй харьцуулахад чамлалттай. Бидэнд томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд байхгүй, орчин үеийн томоохон үйлчилгээний төвүүд байхгүй. Гэхдээ уламжлагдаад ирсэн жижиглэнгийн зах, үйлчилгээний төвүүд олонтой. Сүүлийн 30 жилд өндийсэн тэр хэв маягаа алдаагүй, гэхдээ тэлээгүй, тэр дээрээ амьдраад өнөөдрийг хүрч байгаа хүмүүс.

-Тэгэхээр үүнийг өөрчлөх төлөвлөгөө бодол байж болох уу. Эсвэл худалдаа суурьтай эдийн засгийн бүтцээ цааш хадгалаад явах уу?

-Энэ томоохон захуудыг дагаж амьдарч байгаа хүмүүс худалдаачид. Жишээлбэл, Хүчит шонхор зах дээр худалдаа үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн 80 хувь нь Чингэлтэй дүүргийн иргэд байгаа.

-Тэгвэл тэр шинэ хороололд зоорь, агуулахын төлөвлөлт илүү хэрэгцээтэй байж болох уу?

-Сэлбэ гол маань өөрийн онцлогтой. Улаанбаатар хотын агаар сэлгэлтийн хоолой, гол урсгал юм байна. Сэлбэ голыг дагуулж төлөвлөлт хийж байгаа бол бид агаар сэлгэлтийг хаасан өндөр байшин барьж болохгүй юм байна. Энэ голын ай савд хиймэл нуур цэцэрлэг, магадгүй ногоон аж ахуй байгуулах нь илүү зохистой. Тийм учраас тодорхой хэсгийг ногоон зурвасаар авч үлдэж байгаа. Сэлбэ голыг чөлөөлж өгч байж хот агаар сэлгэлт сайтай байх юм байна. Нийслэлчүүдийн эрүүл амьдрах гол үндэс нь энэ.

-Уул дагаж баригдсан гэр хороолол ихтэй шүү дээ. Энэ хэсэгт бол орон сууц барих, инженерийн дэд бүтэц хүргэхэд зардал ихтэй байх?

-Дэнжийн мянга, Чингэлтэй, Хайлааст, Зурагт, Салхит гээд уулын амууд. Бид яаж төлөвлөж байгаа вэ гэхээр барилгажиж болох хэсгийн талбайг барилгажуулна, хоёрдугаарт, уулын орой дээр буюу уулын бүсэд амины орон сууц барина. Мөн .

-Зуслан, гэр хорооллыг ялгаж чадахааргүй болчихсон шүү дээ?

-Агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэлээс шалтгаалаад хүмүүс зусландаа дөрвөн улиралд амьдардаг болж байна. Тэгэхээр л гэр хороолол болон хувирч байна. Түрүүчээсээ зусланд хороолол хотхонууд баригдаж эхэллээ. Манай дүүрэгт зуслангийн хоёр ч СӨХ байна. Өөрийн эх үүсвэрээр халаалт дулаан, халуун усаа шийдэж байна. Тэнд дэд бүтэц хүргэх хэцүү. Төрөөс харин хоёр зүйлийг зайлшгүй аваачиж өгөх хэрэгтэй нь эрчим хүч, зам харгуй. Улаанбаатар хотын гол асуудал нь түгжрэлээр жишээлээд үзэхэд шалтгаан нь төвлөрөл. Төвлөрлийн гол шалтгаан нь дэд бүтэц. Инженерийн болоод нийгмийн дэд бүтэц. Тэгэхээр нэгдүгээрт, инженерийн дэд бүтцийг буюу эрчим хүчийг аваачиж өгөх ёстой, үүнийг дагаад дулааныг үйлдвэрлэх бололцоо технологи бий болж байна. Хоёрдугаарт, нийгмийн дэд бүтэц. Ядаж л эмнэлэг, сургууль, цэцэрлэг очих ёстой. Биеэр очиж авдаг үйлчилгээг ойртуулж өгч байж л тэр хүмүүст тэндээ байнгын амьдрах бололцоо бүрдэнэ.

-Шилжин ирэгсэд ихтэй юу?

-Яг одоогоор шилжин ирэгсдээс Улаанбаатарт хамгийн бага хөдөлгөөнтэй байгаа нь манай дүүрэг. Харин түр оршин суугч ихтэй.

-Юутай холбоотой вэ?

-Хотын төвтэй ойрхонтой холбоотой. Дэд бүтцүүд нь боломжтой учраас. Хайлаастын аманд амьдарч байгаа хүн автобусанд суугаад 15-20 минутын дотор хотын төвд ороод ирж байна. Тийм учраас айлууд хашаандаа түрээсийн айл буулгадаг, ах дүү хамаатан садан гээд хэдэн өрхөөрөө нэг хашаанд амьдардаг бүтэцтэй. Хүн ам цөөрч буйн шалтгаан нь манайхан орон сууцанд оронгуутаа хашаагаа зараад яваад байгаадаа биш эзэмшлийн хашаагаа түрээсэлчихэж байна. Тэгэхээр яндангийн тоо, жорлонгийн тоо яг хэвээрээ, магадгүй нэмэгдээд байна.

-Утаа, үертэй хамт урсан орж ирж буй хөрсний бохироос авахуулаад Улаанбаатарын яг төвийг дайрч байгаа гол аюулын голомт нь хойд талын гэр хороолол. Тэгэхээр одоо л үүнийг шийдвэрлэх гарц, гаргалгаа руу бид орж байна. Энэ хүртэл үүнийг шийдье гэх боломж бололцоо, эдийн засгийн чадамж бүрдээгүй байсан уу, эсвэл бодлого хэрэгжүүлэх сэтгэл, санаачлага дутсан уу?

-Бодлого хэрэгжүүлэхэд сэтгэлээс илүүтэй эдийн засаг дээрээ гарц гаргалгаа гаргаж чадахгүй байсан гэж бодож байгаа. Яагаад энэ төсөл одоо л хэрэгжихээр болов гэхээр Улаанбаатар хот хууль эрх зүйн хүрээндээ бие даан шийдвэрлэх бололцоо бүрдсэн юм. Аливаа улс орны нийслэл тухайн улсынхаа бизнес, эдийн засгийн төв. Хоёрдугаарт, тухайн хотууд нь өөрсдөө бизнес хийж байдаг. Өөрийн өмч буюу өөрийнхөө чадамжийг эргэлтэд оруулж байдаг. Сая бид яасан бэ гэхээр Улаанбаатар хот дотоодод 500 тэрбум төгрөгийн, гадаад зах зээлээс тодорхой хэмжээний бонд босгон санхүүжилт татах эрх авсан юм. Үндсэндээ эдгээр төслүүдийг гаднаас санхүүжилт татах замаар богино хугацаанд хэрэгжүүлэх, Улаанбаатар хот эргээд энэ эргэлтээрээ бондоо урт хугацаанд төлөх зарчмаар ажиллана. Тэгэхээр эдийн засгийн аргаар шийдвэрлэх санхүүгийн чадамж нь ч, эрх зүйн орчин нь ч байгаагүй. Өнгөрсөн дөрвөн жилд л Улаанбаатар хотын эрх зүйн орчныг сайжруулах хууль дүрэм батлагдсаны хүрээнд эдийн засгийн шийдвэр гаргах бололцоо нь бүрдсэн.

-Та хоёр сарын өмнө Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдохдоо яг ямар тодорхой төлөвлөгөө, үр дүнг нь харж тооцоолсон төсөлтэй ирсэн бэ. Хэрэв дахиад энэ ажлыг үргэлжлүүлэх дөрвөн жил өмнө тань байгаа бол юуг хийнэ гэсэн амбици, зорилготой байна вэ?

- Орон сууцжих бодлогын хүрээнд дүүрэг маань шинээр эхэлнэ. Төвийн зургаан хорооноос бусад бараг бүх хороод нь шинээр үүснэ. Энэ хүрээнд нийгмийн, инженерийн дэд бүтэц, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, ажлын байр, эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмж гээд бүх асуудал шийдэгдэнэ. Энэхүү орон сууцны хөтөлбөрийн .

-Та Чингэлтэй дүүрэгтэй ажил, амьдралаа холбоод хэр удаж байгаа билээ?

-Би анх 2002 онд МУБИС-ийг физикийн багш мэргэжлээр төгсөөд дүүргийнхээ 23 дугаар сургуульд багшаар ажилд орсон. Хоёр жил ажиллаад 2004 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн болсон. Ингээд 2004 оноос хойш Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Боловсролын хэлтсийн дарга, Тамгын газрын дарга, орлогч дарга, Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Үндсэндээ би дүүрэгт анх ажил эхэлснээс хойш 22 дахь жилдээ ажиллаж байгаа.

-Чингэлтэйн шинэ хороолол, хотхоныг дагаад хэчнээн сургууль, цэцэрлэг нэмэгдэж баригдахаар байгаа вэ. Тэнд ажиллах багш нар, хүний нөөцийг хангахад ямар асуудал тулгарах бол. Яагаад ингэж асууж байна гэхээр Чингэлтэй дүүрэг ЕБС-ийн сургалт, боловсролын чанарын үзүүлэлтээрээ улсад тэргүүлдэг онцлогтой. Үүнийгээ яаж шинэ сургуулиудад хадгалж, менежмэнтээ хэрхэн хуваалцах вэ?

-Боловсролын тухай хууль шинээр хэрэгжсэн 2008 оноос Чингэлтэй дүүрэгт анхны Боловсролын хэлтэс байгуулагдахад би хэлтсийн даргаар томилогдон ажилласан юм. Тэгэхээр миний ажил амьдрал боловсролтой их ойрхон. Хоёрдугаарт, Чингэлтэй дүүрэгт нэг том соёл тогтсон нь боловсролын салбарынхаа удирдлагыг мерит зарчмаар томилж ирсэн явдал. Багш байсан хүн сургалтын менежер болдог. Сайн сургалтын менежер хэдэн жилийн дараа захирал болдог. Тэгээд олон жил ажилласан захирлуудыг сургууль хооронд сэлгэн ажиллуулах шийдвэр. Цэцэрлэгүүд дээр мөн адил. Аж ахуйн ажилд илүү эв дүйтэй захирлыг дэд бүтэц муутай хороонд томилж, ахуйн ажлыг нь босгоод ир дээ гэх байдлаар сэлгэн ажиллуулдаг. Ингээд хооронд нь сэлгээд үйл ажиллагаанд оруулаад ирэхээр нөгөө боловсролын ялгаа гэдэг зүйлийг аль болох ойртуулж байсан. Захирлыг дагаад менежмэнт нь очно, заримдаа багш нь очно. Хотын төвийн сургуулийн чанар сайн, захынх тааруу гэх ялгаа харагдахгүй байх зорилго тавьж ажиллаад энэ ч болзолдоо ойртсон. Тийм учраас . Аливаа байгууллагын үйл ажиллагааны үр дүнг юугаар хэмждэг вэ гэхээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа албан хаагч шүү дээ. Манай багш нар дүүрэгтээ олон жил ажилладаг, анх багшаар ажилд орсон бол дүүргийн боловсролын салбараас тэтгэвэртээ гарч байна. Нөгөө талаар ажлаа мэддэг хүмүүсийг багшаас нь эхэлж бэлтгээд мерит зарчмаар удирдлага болгочихоор шинэ зүйлийг туршиж үзэх, ажил болгох хүсэл эрмэлзэлтэй байгаад байдаг. Хэн нэг хүний ажлын байрыг өөрчлөх гээд байх биш аль болох нөгөө хүмүүстэйгээ эвлэж ажиллах, зохион байгуулалт хийх талдаа анхаардаг. Энэ ажил бол боловсролын чанарын гол асуудал болсон.

-Нэг үе сургуулиудын гадна спортын талбай, газар дээр барилга барих үзэгдэл их байсан. Үүнийг хэрхэн цэгцэлсэн юм бэ?

-Манай дүүрэг дээр Сургууль, цэцэрлэгийн газрыг яг байгаа хэмжээнд нь кадастрыг нь олгоод, хоёрт ногоон байгууламж барьсан. Өнөөдөр манай дүүргийн сургууль, цэцэрлэг шиг ногоон байгууламжтай сургууль цэцэрлэг нийслэлд цөөхөн шүү. Бид бүгдийг нь моджуулж, зүлэгжүүлээд хорооны иргэд, оршин суугчид маань тэр орчимд хүүхдээ тоглуулах, салхилах, нарлах боломжийг бүрдүүлж өгөх зорилгоор ажилласан учраас манай газраас авч барилгажуулах гэдэг үйлдэл зогссон. Одоо харин бид ямар бодлого цаашид хэрэгжүүлэх гэж байна гэхээр, гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн орчим дахь айлуудтай зөвшилцөж газрыг нь худалдаж авах. Аль болох сургууль, цэцэрлэгийн газрыг томсгоё, тэнд иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхэд тоглож наадах аюулгүй орчныг бүрдүүлье. Төвийн байшин бүхий зургаан хороонд энэ хэцүү. Тойроод байшин барилга, зам. Тэлэх бололцоо байхгүй. Гэр хороололд бол байгаад байна. Худалдаж авах бололцоо байна. Тэгэхээр аль болох

-Та НИТХ-ын төлөөлөгчийн хувиар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар 2018 оноос 2023 оны хооронд ажилласан. Энэ хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж ирсэн байдаг. Өсөн нэмэгдсэн эх үүсвэрийг хааш нь түлхүү хөрөнгө оруулалт болгон шингээж байв?

-Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нийслэлдээ амьдарч байна. Тэр хэрээр хүндрэлтэй зүйл олон байдаг. Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахаас эхлээд бүх зүйл нь л хүндрэл, бэрхшээлтэй байна шүү дээ. Улаанбаатарын удирдлагууд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан. Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сургууль, цэцэрлэгийн тоог нэмэх. Гурван ээлжийн сургуульгүй болох, цэцэрлэгийн хүүхдийн орны тоог нэмэгдүүлэх. Дэд бүтэц буюу автозамын түгжрэлтэй холбоотойгоор авто замын сүлжээ, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, мөн инженерийн дэд бүтцийг хотын зах руу чиглүүлэх. Дэд төвүүдээр дамжуулан хөгжүүлэхэд төвлөрч хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд бий.

-Эцэст нь нэг зүйлийг гарцаагүй асуух ёстой боллоо. Нийслэлд, таны хувьд Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж байгаа газар чөлөөлөх, орон сууцжуулах эрс зоримог шийдвэрийг санхүүжүүлж буй бондын эх үүсвэр буюу нэг ёсондоо энэ зээлийг хот дараа нь ямар эх үүсвэрээс хэрхэн яаж төлөх юм бэ?

- Тэгэхдээ төлөвлөлтийн дагуу зарна. Газраа зараад буцаагаад баахан хашаа болгочихвол ямар ч утгагүй. Тухайлбал, 158 га газар дээр 12 мянган айлын орон сууц барьчихад бидэнд 700 гаруй га газар сул үлдэх юм. Энэ газарт төлөвлөлтийн дагуу зориулалтыг заагаад нээлттэй дуудлага худалдаанд оруулна. Юун түрүүнд дотоодын хөрөнгө оруулагчдаа урина. Аль болох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Хэрэв дотоодын хөрөнгө оруулагчид зохион байгуулалтад оролцохгүй бол гадны хөрөнгө оруулагчдад хандахаас аргагүй. Гэхдээ үндэсний аж ахуйн нэгжүүд маань сонирхлоо илэрхийлээд эхэлсэн байна. Чингэлтэй дүүргээрээ жишээлээд аваад үзэхэд манай чөлөөлөгдсөн талбай Улаанбаатар хотын төвөөс 2-10 км дотор багтаж буй юм. Тэгэхээр Улаанбаатар хотын төвд байгаа газрыг аж ахуйн нэгжүүддээ зарах зорилготой. Тэгж байж хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоотой. Тооцоогоор бол Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га газрыг чөлөөлөх, барилгажуулах, бүх дэд бүтцийг шийдэхэд нийт зардалд 3.2 их наяд төгрөг буюу ойролцоогоор 1 тэрбум ам.долларын хөрөнгө шаардагдана. Үүнийг 10-15 жилийн хугацаатай зээлээр босгож, эргэн төлөхөд хүүгийн зардалтай нь хамт нөхөж чадах уу гэдэг шинжилгээг бид хийлгэсэн. Бидэнд гашуун туршлага бий шүү дээ. Өмнөх бондууд шиг төлж чадахгүй төсвөөс нөхөхөд хүрэх вий гэдэг болгоомжлол бий. Экспертүүдийн шинжилгээгээр дээрх шийдвэр эрсдэл багатай, эдийн засгийн агуулгаар хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх бүрэн боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.