Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Өмгөөлөгч Р.Булгамаа:
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч нар гомдол гаргасан байгаа. Өмгөөлөгчид тус гомдлыг гаргахдаа хүний эрхийг дордуулсан, оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний нийгэмд учруулж буй хор хөнөөл зэргийг нарийвчлан тооцоогүй зэрэг хууль зүйн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчдын хүний эрхийн зохицуулалтын асуудал учир дутагдалтай байдаг. Улсын нууцтай холбоотой хэрэгт холбогдсон иргэнийг өмгөөлж буй өмгөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны нууцын баталгаа гэдэг зүйл авдаг. Өмгөөлөгчид нууцын баталгаа дээр гарын үсэг зурсан учраас олон нийтэд Н.Өнөрцэцэгийг ямар асуудалд холбогдуулан шалгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд хязгаарлагдмал байна.
Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийг хаалттай шийдвэрлэх арга хэмжээ авсан. Хуулийн хүрээнд хөнгөн төрлийн гэмт хэргийг нээлттэй, улсын нууцтай холбоотой гэх тус хэргийг хаалттай шийдэх бүрэн боломжтой байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцыг олон нийтэд мэдээлсэн тохиолдолд өмгөөлөгчийн эрх зүйн байдал хөндөгдөх нөхцөл байдал уяж өгсөн. Ингэснээрээ өмгөөлөгчид хүртэл хүний эрхийг хамгаалах асуудалд хэрхэн хандах нь учир дутагдалтай байсаар ирсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.