Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын сонгуулийн I тойрогт ХҮН-аас нэр дэвшихээр холбогдох байгууллага Б.Батжаргалыг баталгаажуулсан байна. Гэвч түүнийг сошиал орчинд хандивын аян өрнүүлэхдээ гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас дуудаж тайлбар авч, нэр дэвших эрхийг нь цуцлах тухай асуудал хөнджээ.
ХҮН-ын гишүүн Б.Батжаргал:
-Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө нэр дэвшигч ямар ажил хийж болох вэ гэсэн заалтууд байгаа. Нэгдүгээрт, нэр дэвших батламжаа намаасаа авсан тухайгаа олон нийтэд түгээх боломжтой. Хоёрдугаарт, хандив цуглуулах болон хандивын тухай мэдээллийг олон нийтэд мэдээллэх эрх нээлттэй. Хандивын дансанд маань хамаатнууд, найз нөхөд, намайг дэмжиж байгаа хүмүүс хандив илгээгээд эхэлсэн. Энэ талаар видео бичлэг хийж цацсан байгаа. “Хандив өгөөрэй. Энэ удаагийн сонгуулийг бохир мөнгөөр бус иргэдийн хандиваар цуглуулсан мөнгөөр зөв хүмүүс өрсөлдөе. Хандиваар өрсөлддөг жишээг бий болгоод үүгээрээ ялалт байгуулж, харуулъя. Тэгж байж нийгэм өөрчлөгдөх юм байна” гэж бичлэг хийсэн.
Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад өрсөлдөгч намаас гомдол гаргасан юм байна. Би цагдаагийн байгууллагад очиж, тайлбар өгсөн.
НИТХ-ын сонгууль томсгосон тойргоор явж байгаа. НИТХ-д нэр дэвшигчид 100 мянга гаруй хүнтэй 10 гаруй хоногийн хугацаанд уулзаж, өөрийгөө танилцуулах боломжгүй. Тэгэхээр богино хугацаанд өөрийгөө таниулахын тулд маш олон тооны ухуулагч ажлуулах, сонин, тараах материал хэвлүүлэх, мөн олон тооны телевизийн нэвтрүүлэгт орж, өөрийгөө суртчилах хэрэг гарна. Энэ нь сонгуулийн зардлыг өсгөж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос зардлын дээд хэмжээг баталсан. Баянгол дүүрэгт гэхэд НИТХ-д нэр дэвшигч 800 гаруй сая төгрөг зарцуулж болно гээд зөвшөөрөөд өгчихөж байгаа юм. Би үүнийг эсэргүүцэж байгаа. НИТХ-ын төлөөлөгч нь нэг ч төгрөгийн цалингүй. УИХ-ын гишүүд шиг цалин байхгүй. Сайн дурын ажилтан шүү дээ. НИТХ-ын төлөөлөгч гэдэг бол хотоо сайхан болгох гэж иргэдийн төлөөлөл болж сонгогдсон хүмүүс.
Гэтэл нэг ч цалин байхгүй албан тушаалд маш их мөнгө зарцуулж, очиж байгаа нь буруу байна. НИТХ-д тэрбум шахуу төгрөг зарцуулаад сонгуульд ялсан хүн эргээд түүнийгээ олох гэж хууль бус үйл ажиллагаа явуулах боломжтой шүү дээ. Тиймээс миний хувьд иргэдээс хандив авч, сонгуулийн зардалдаа зарцуулъя гэж байгаа юм. Ийм жишиг бусад улс орнуудад байдаг. Иргэдээс хандив авч, сонгогдсон хүн эргээд иргэдийн төлөө ажиллах боломжтой байдаг. Тухайн хүн “Иргэд намайг шударга ажлаарай, зөв ажлаарай” гээд хандив өгсөн учраас ажлаа сайн хийх боломжтой. Тэр хүн өөрөөсөө ч юм уу, хэн нэг ивээн тэтгэгчээс мөнгө аваагүй учраас хараат бусаар ажиллах боломжтой. Гэтэл үүнийг ярьж, эрх баригчдыг шүүмжилсний төлөө хуулийн байгууллага шалгаж байгаад гайхаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.