Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара дараах гурван хүнд өргөмжлөл гардууллаа.
Уг өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог.
Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн япон хэлний багш, Монгол Улсын Зөвлөх багш Д.Дуламсүрэн:
Д.Дуламсүрэн багш 27 жилийн турш Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн япон хэлний багшаар ажиллаж ирсэн. Улаанбаатар хотоос 480 км зайд байрлах орон нутгийн улсын сургуульд хайр, чин хүсэл тээн япон хэлийг зааж ирсэн бөгөөд олон чадварлаг шавь нарыг төрүүлжээ. Мөн цаг үетэйгээ нийцсэн шинэ сургалтын арга зүйг үргэлж эрэлхийлэн судалж, орон нутаг дахь үлгэр жишээ япон хэлний багшийн хувьд залуу багш нарт зөвлөгөө өгөх үйл ажиллагааг ч мөн явуулж байна.
“Сакура” гэр музейн үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох:
С.Өлзийтогтох нь 2013 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт хүүхдүүд сэтгэл амар тоглох цэцэрлэгт хүрээлэнг тохижуулжээ. Мөн тус нутаг дэвсгэрт Дэлхийн 2-р дайны дараа олзлогдсон япон иргэд Улаанбаатар хотын барилгуудыг барих чулуу олборлох хүнд хүчир ажил хийлгэж байсан газар гэж сонсоод бага багаар үүнтэй холбоотой түүхэн материал цуглуулсаар 2022 онд музей байгуулсан билээ. Япон, Монгол хүн төдийгүй бусад орны хүмүүс дайны түүхийг мэдэж, дэлхийн энх тайвны төлөө залбирах газар хэмээн энэ музейг зорин ирдэг.
Монгол Улсын Соёлын элч, комикс номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр:
Зохиолч, зураач Н.Эрдэнэбаяр 2015 онд нүүдэлчдийн соёл, зан заншлыг харуулсан “Бумбардай” зурган номоороо Японы ГХЯ-ны “Олон улсын МАНГА шагнал”-ын тэргүүн байрын шагналыг хүртсэн билээ. Монголын шилдэг анимэ, манга, дүрийн дизайнер гэдгээрээ олны танил билээ. Сүүлийн жилүүдэд Монголын анимэйшны холбоог үүсгэн байгуулж, залуу манга зураачид, анимэ бүтээгчдийн хөгжилд анхаарлаа хандуулж байна. Японы соёлын талаарх гүн мэдлэгтэй тэр бээр Япон соёлыг Монголд танилцуулахын зэрэгцээ Монгол соёлыг Японд танилцуулах соёлын элчийн хувьд ч мөн адил идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.