Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ. Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэл үргэлжлэн хонохыг анхааруулж байна.
Энэ сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Есдүгээр сарын 22-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.
Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хагаст, 22-ноос ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус.
Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.