УИХ дахь Ардчилсан намын 26 гишүүн "Хүүхэд хөгжлийн карт" хуулийн төсөл санаачилжээ. Монголын хүүхэд бүр сард авдаг 100 мянган төгрөг дээрээ нэмж "Хүүхэд хөгжлийн 30 мянган төгрөгтэй нэрийн карт" авна. Сар бүр тус картад 30 мянган төгрөг хуримтлагдах бөгөөд мөнгөн дэмжлэгийг оюуны хөгжил, урлаг, спортод зарцуулах нөхцөлийг хуулиар тогтоож өгнө. Намрын чуулганаар тус хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-Хүүхэд бүрд 100 мянган төгрөг өгдөг. Үүн дээр нэмээд 30 мянган төгрөгийн карт олгох хуулийн төслийг санаачилсан. Хүүхэд багачууд маань дугуйлан секцэд хамрагдаж чадахгүй байна. Үүнээс шалтгаалаад дэлгэцийн хамааралтай болж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улс амиа хорлолтоороо дэлхийд тэргүүлж байна. Энэ тоонд хүүхдүүдийн эзлэх хувь өндөр байна.
Миний бие монгол орноо тойрч хүүхэд багачуудтайгаа уулзалт хийсэн. Ингээд хүүхэд хөгжүүлэх газаргүй, цагийн зөв боловсон өнгөрөөх газаргүй байдаг гэдгийг ойлгосон. Хүүхдүүдийн дунд ганцаардал маш их байна. Хүүхэд хүлээн зөвшөөрөгдөх эрхээ эдэлж чадахгүй байна. Хүүхдүүддээ нөлөөлж болох боломж бидэнд байна. Ингээд манай ардчилсан намын 26 гишүүн тус хуулийн төслийг санаачилсан.
Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгож байгаа ч энэ мөнгө өрхийн төсөвт ороод явчихдаг. Харин энэ 30 мянган төгрөгийг зөвхөн хүүхдэд зарцуулна. Эрүүл мэнд, боловсрол, хөгжүүлэх дугуйландаа зарцуулна. Хүүхэд тус картаа эзэмшинэ. Дэлгүүрээс эд материал худалдан авах боломжгүй.
Зөвхөн хүүхдээ анхаарахаас илүүтэйгээр нийгэмдээ өгч байгаа том хөрөнгө оруулалт юм. Дугуйлан секц ихээр нээгдсэнээр багш нарын цалин ч нэмэгдэнэ гэж харж байна. Халамж бус хүүхэд хөгжлийн асуудал гэж ойлгох хэрэгтэй. Энэ хуулийн төслөө иргэддээ танилцуулаад явж байна. Хуулийн төсөл дээрээ ажиллаж байна. Намрын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.
Эдийн засаг хөгжлийн сайдын зөвлөх Н.Гансүх:
-Хүүхдийн 100 мянган төгрөг нь маш амжилттай хэрэгжсэн төсөл гэж НҮБ-аас дүгнэсэн. Гэвч хүүхдийн хөгжилдөө зарцуулагдахгүй байгаа асуудал байна. Иймд хүүхэд хөгжлийн картыг бий болгох ёстой гэж манай намын зүгээс үзэж байна. Тус картаар хүүхэд зөвхөн өөрийн хүссэн дугуйлан секцэд хамрагдах боломжийг олгох зорилготой юм. Иргэд маань тус хуулийн төслиийг ихээхэн таатай хүлээн авч байна. Хүүхдээ эрүүл зөв иргэн болгоход энэ хуулийн төслийн ач холбогдол оршино гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.