Манай улсад Оросын банк байгуулагдах гэж байна гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч эхэлсэн. Тус асуудлаар Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:
-Манай улс ОХУ, БНХАУ хоёр хөрштэйгөө хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээртэй. Ямар ч тохиолдолд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, хоёр хөрштэйгөө хоёулантай нь харилцаагаа хөгжүүлэх нь чухал. Нөгөө талаараа гуравдагч хөршүүдтэйгээ ч найрсаг харилцаагаа өргөжүүлэх, нээлттэй олон тулгуурт бодлогыг баримталж явдаг. Тиймээс ямар ч тохиолдолд хоёр хөрштэйгөө худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий.
Монгол, Оросын худалдааны нийт эргэлт өсөж байгаа ч төлбөрийн тэнцэл манай талд багагүй алдагдалтай гардгийг өөрчлөх зүй ёсны шаардлага бий. Тухайлбал, нийт худалдааны эргэлтийн 95 орчим хувийг хойд хөршийн экспорт эзэлдэг. Тэр дундаа нефть, газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүчний болон ХАА-н түүхий эд, машин тоног төхөөрөмж дийлэнх хувийг эзэлж байна. Ялангуяа түлш, шатахууны хомсдол үүсгэхгүй байх асуудал манай улсад нэн чухал байдаг.
Гэтэл олон улсын геополитикийн хурцадмал нөхцөл байдалтай холбоотой эдийн засгийн хоригоос болоод төлбөр тооцоогоо шуурхай бөгөөд тасралтгүй гүйцэтгэх шаардлага хаана хаанаа тулгарч байгаа учраас хоёр улсын төр засгийн өндөр дээд түвшинд болон Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комисс, Төв банкуудын хүрээнд асуудлыг чухалчилж авч үзэж байгаа. Манай улсын арилжааны банкуудын үйл ажиллагаанд төр шууд оролцох боломжгүй, бизнесийн зарчмаараа явна. Миний хувьд Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсгийн даргын хувьд төлбөр тооцооны энэ асуудлыг саадгүй явуулах ямар гарц шийдлүүд байгааг эрэлхийлж, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих тал дээр анхаарч, холбогдох тооцоолол судалгааг хийлгэж, Монголын талын экспортыг хэрхэн нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын түвшинд санаачилгатай ажилладаг. Харин үүнийг мушгин гуйвуулах нь зохисгүй үйлдэл гэж үзэж байна.
Монгол Улсын гадаад харилцааны бодлогод мөнхийн хоёр хөрш маань тэргүүлэх байр суурьтай байдаг. Цаашид ч тийм байх болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.