СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Филлер тарилга буруу хийж үйлчлүүлэгчээ хараагүй болгосон эмчид зорчих эрх хязгаарлах ял оноожээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

М нь “С” ХХК-ийн эмнэлэгт арьс гоо заслын эмчээр ажиллаж байхдаа филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжаа мөрдөөгүй зэрэг үйлдлийн улмаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн З-д GANA V PLLA найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийжээ.

Тарилга хийх үед судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэдгийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг ойлгоно.

Шүүх хуралдаанаар М-д холбогдох хэргийг хэлэлцээд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр М нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцжээ. Ингээд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эмчилгээний гоо засал хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, 1 жил 5 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.