Засгийн газрын хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано Майнинг” компанитай хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийн явцыг танилцуулжээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Франц улсад төрийн айлчлал хийх үеэр протколд гарын үсэг зурсан. Тохиролцох шаардлагатай 420 гаруй санал байсан. Үүнээс 220 санал дээр нэгдсэн байсан Түүнээс хойш 6 дэд ажлын хэсэг ажилласан. Сая Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс байгаль орчны чиглэлээр эрсдэлийн үнэлгээ гаргуулах, хөрөнгө оруулагч эрсдэлийг хамтдаа хүлээх гэдэг дээр тодорхой үүрэг өгсөн байгаа. Одоогийн гэрээний төсөл дээр 51 хувь дээр харилцан ойлголцолд хүрсэн байгаа. Монгол тал дээр санхүүжилт яригдахгүй. 100 хувь Франц талын санхүүжилтээр хийгдэнэ.
Өнгөрсөн хугацаанд өсөн нэмэгдэх АМНАТ дээр инфляц тооцно, тооцохгүй гэдэг дээр манай тал байр сууриа илэрхийлсээр ирсэн. Өчигдөр миний бие Францын талтай уулзалт хийсэн. Шийдэлд хүрч чадвал манай талд ашигтай байдал үүснэ. Бид энэ тал дээр гол анхаарлаа хандуулж байгаа. Хугацааны хувьд 30 жил, 20 жил нь олборлох, 10 жил нөхөн сэргээлт хийгдэнэ гэж ойлгож болно. Монгол Улс 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшиж, ногдол ашгаа хүртэнэ. Энэ нь манай улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулахаар байгаа.
“Орано Майнинг” компанийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гурван олон улсын зөвлөх үйлчилгээний компани ажилласан. Тодорхой дүгнэлт, олон улсын зөвлөмж өгсөн. Байгаль орчны чиглэлээрх асуудлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, олборлолтын чиглэлийг Уул уурхайн сайд, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг Тэргүүн шадар сайд хариуцаж байгаа. Зургаан дэд ажлын хэсэг нэгдсэн дүгнэлтээ гаргана. Хэлэлцээр ирэх аравдугаар сарын эхээр нэг талдаа гарна. Казахстан улсад байгаа ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани дээр очиж, ажилласны дараа хэлэлцээрийг дуусгая гэж өчигдөр ярилцсан байгаа.
Ерөнхий сайдын зүгээс Оюутолгойн гэрээний алдааг давтаж болохгүй гэж анхааруулж байгаа учраас өсөн нэмэгдэх АМНАТ -ийг тооцох, байгаль орчны эрсдлээс хоёр тал хамтдаа хариуцлага хүлээх гэх мэт асуудлыг тавьсан. Үүний үндсэн дээр нэлээдгүй олон асуудал шийдэгдээд явж байна. Байгаль орчныг нөхөн сэргээх дээр гол анхаарлаа хандуулах ёстой. Гэрээ дууссаны дараа дэлгэрэгүй мэдээлэл өгнө. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.