Хэдэн жилийн турш дуулиан шуугиан болж байсан “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг шүүх эцэслэн шийдэж чадаагүй өдий хүрэв. Олон улсаас босгосон өрийн бичиг (бонд)-ийн төлбөрийг Засгийн газар төлж дуусгасан. Гэтэл Хөгжлийн банкнаас зээл авсан зарим аж ахуйн нэгжийнхэн зээл, өр төлбөрөө төлөхгүй гүрийсээр байгаа юм билээ.
Тиймээс төр засгаас Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлэх чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс ч тодорхой шийдвэр гаргахад болохгүй зүйлгүй мэт. Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн талаар олон нийтэд шүгэл үлээсний дагуу АТГ болон шүүхийн шатанд зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн луйвардсан хөрөнгийг гаргуулах ажиллагаа эхэлсэн билээ. Тэгэхээр энэ ажлаа үргэлжлүүлэн, эцсийг нь үзэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн гишүүний хувьд санал, санаачилга гаргавал иргэд, олон нийт дэмжих нь гарцаагүй. Зөвхөн Ерөнхий сайд ч гэлтгүй, Төрийн тэргүүн, УИХ-ын дарга хэн хэн нь дэмжлэг, санаачилга гаргавал үр дүнд хүрэх нь лавтай.
Хэдэн жилийн өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар тус зөвлөлөөс шийдвэр гаргаж байсан. Оюутолгойн ордыг ашиглах хувь нийлүүлэгчийн гэрээний тухай санал, дүгнэлтэд “Гэрээний заалт бүрийг Монгол Улсад ашигтай байхаар талуудын хооронд байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засах, Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, Дубайн гэрээг бүхэлд нь хүчингүй болгож, холбогдох зохицуулалтыг харилцан тохиролцож Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах” хэмээн ҮАБЗ-ийн тэргүүн нь үзсэн байдаг. Үүний дагуу гэрээнд өөрчлөлт оруулах, олон улсын арбитрын шүүхэд маргаан үүссэн хэргийг Монгол Улсад ашигтай шийдвэрлүүлэх зэргээр Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.
Тэгвэл үүнтэй адилаар Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд төр төмөр нүүрээ харуулж, авлагаа авахын тулд хууль, журамдаа ч тодорхой өөрчлөлт хийж яагаад болохгүй гэж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын, ард нийтийн эрх ашгийн төлөө шүүх, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг саадгүй хэрэгжүүлэх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгахын тулд Хөгжлийн банканд ҮАБЗ-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх цаг болоод байгаа юм биш үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.