Манай орны хамгийн өндөр уул болох Алтай Таван богд хайрхны тэнгэрийг тайх ёслол oнгoрсoн долоодугаар сарын 22-нд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын малчин Ч.Хэнзхүүгийн цагаан бор морийг сэтэрлэсэн.
Гэтэл тухайн өдөр нь уг сэтэрлэсэн морийг Баян-Өлгий аймгийн харьяат, “Довой” гэх хочтой А.Алдаберген гэх хүн ижил сүрэгтээ нийлсэн байхад нь хулгайлж, хадгийг нь урж хаян хөтөлж явсныг адууны эзэн тогтоосон юм.
Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийнхан А.Алдабергенийг шалгаж, тус аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол баталсан байна. Тодруулбал, А.Алдабергенийг Эрүүгийн хуулийн 17.12-1 дэх хэсгийн бусдын малыг хулгайлсан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцоод буй юм. Уг хэргийн холбогдогч хохирогчтой тааралдмагцаа “Уучлаарай, хадгийг хадан доор нуусан, морийг тэнд байгаа машинтай хүмүүс аваад ир гэсэн” хэмээн хэлсэн аж. Улмаар тухайн захиалсан гэх хүмүүсээ зааж өгнө хэмээн дагуулж яваад зугтсан байдаг. “Хүмүүс захиалсан” гэж худлаа ярьсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон сурагтай. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнд холбогдох хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.