Монгол Улсын зэвсэгт хүчний гол цөмийг үеийн үед бүрдүүлж, өнөөгийн нийт бие бүрэлдэхүүний 72 хувийг эзэлдэг ахлагч нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлд төр засгийн зүгээс онцгой анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон, энэ өдрүүдэд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг бүсчлэн зохион байгуулж байна.
Аливаа болзошгүй аюул занал, гэнэтийн эрсдэл, гамшиг осол, улс орон, ард иргэдэд тулгарсан бэрхшээл, хүндрэлийн өөдөөс сөрөн зогсож, байнгын бэлэн байдалд байдаг ахлагч нарыг мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаа тогтмол ахиулан алба гүйцэтгэх бүхий л таатай боломжоор бүрэн хангах нь төрийн үүрэг юм.
Ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдэх зорилтын хүрээнд цалин, хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож, цалингийн шатлалыг хоёр зэрэглэлээр нэмэгдүүллээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын жишээн дээр гэхэд л өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд ахлагч бүрэлдэхүүний цалин 2 дахин нэмэгдээд байна.
Түүнчлэн тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ахлагчдад газар олгох, орон сууцны ипотекийн 6 хувийн зээлд хамруулах, түрээслээд өмчлөх нөхцлөөр орон сууц олгох зэрэг хөтөлбөр хэрэгжиж, алба хаагчдын нийгмийн баталгаа жилээс жилд сайжирч байгаа үзүүлэлттэй байна.
Манай Онцгой байдлын алба хаагчид л гэхэд Монгол улсад сүүлийн 3 жилд болсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 12,881 тохиолдол дээр үүрэг гүйцэтгэжээ.
Үүний улмаас 2702 хүн нас барж, 111,1 тэрбум төгрөгийн хохирол учирч, Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 131,599 хүн, 31,687 техник хэрэгсэл ажиллаж, 16,417 хүний амь насыг аварч 774,0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан байна.
Энэ бол Онцгой байдлын алба хаагчид, тэр дундаа ахлагч бүрэлдэхүүний алдар гавьяаг тодотгох тоо баримт юм. Тийм ч учраас энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагаас таван гавьяат цолтон төрөн гарсны хоёр нь ахлагч бүрэлдэхүүнээс тодорлоо. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гамшгийн аюулаас ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэн, “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдсан Т.Даваадорж, П.Хатанболд нартаа халуун баяр хүргэе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.