Увс аймгийн дарга нар нэг намын нөхөд, танил тал, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, газраар “шагнадаг” бололтой. Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайханыг бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод байна.
Тэрбээр тус аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга асан У.Ганзоригийн хамаарал бүхий “Бунлог” ХХК-д 2017 оны есдүгээр сарын 21-нд 80 ам метр газар дээр нь 120-ыг нэмж олгосон захирамж гаргасан бол үүнээс хоёр жилийн дараа дахин 72-ыг шууд эзэмшүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, нийт 272 ам метр газрыг дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр шууд эзэмшүүлж, У.Ганзоригийн хамаарал бүхий дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгосон аж.
Үүнээс өмнө өнөөгийн Засаг дарга Ч.Чимэдийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарын хамт шалгасан билээ. Ч.Чимэдийг өөрийнхөө зөвлөх, нэг намын болон тoрoл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зoрчин, худалдаа, үйлчилгээ, барилга, байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт яллагдагчаар татсан. Тодруулбал, аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800, иргэн Д.Нандинцэцэгт 1000, барилга, байгууламжид зориулж Б.Мягмардорж, Б.Батгэрэл нарт тус бүр 1500, авто засварын газар нэрээр П.Ариунзаяад 48, зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон гэдэг.
Тэдэнд холбогдох хэргийг Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч элдэв шалтгаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Ер нь тус шүүх авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудынхаа хэргийг шийдвэрлэдэггүй билээ. Өмнөх болон өнөөгийн Засаг дарга нарынхаа бусдад давуу байдал олгосон хэргийг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.