Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах алба хамтран улсын хэмжээнд "Хянамгай байя" нэгдсэн арга хэмжээг эхлүүлж байна.
Цахим залилангийн гэмт хэргийн улмаас 2023 онд дэлхий нийтэд 8 их наяад ам.долларын хохирол учирчээ. Энэ нь нэг сард 666 тэрбум ам.доллар, өдөрт 21.9 тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн үг юм.
Манай улсад энэ онд 24811 гэмт хэрэг бүртгэгдсэнээс залилах гэмт хэрэг 7063 буюу нийт гэмт хэргийн 28.5 хувийг эзэлж байна. Харин эдгээр залилах гэмт хэргийн 50-с дээш хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна. Залилах гэмт хэргийн улмаас 209 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Залилах гэмт хэргийн хохирогчдын дийлэнх хувийг 30-34 насны иргэд эзэлж байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагад 2020 оноос хойш Монгол Улсын эрүүгийн хуулийн 20.17-д зааснаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 1375 бүртгэгдсэн. Эрүүгийн цагдаагийн алба 81, мөрдөн байцаах алба тав, орон нутгийн цагдаагийн хэлтсүүд 436 хэргийг шалгасан бол дүүргийн цагдаагийн хэлтсүүд 853 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Нийт хэргээс шүүхэд шилжүүлэх саналтай 349, хэрэг бүртгэгдэж хаах саналтай 491, харьяаллын дагуу шилжүүлэх 18, нэг хэргийг нөгөөд нь нэгтгэх саналтай 144, одоогийн байдлаар 373 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах алба хамтран улсын хэмжээнд "Хянамгай байя" нэгдсэн арга хэмжээг эхлүүлж байна.
"Хянамгай байя" нэгдсэн арга хэмжээний зорилго нь гэмт хэргийг илрүүлэх ажиллагааг эрчимжүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа иргэнийг олж тогтоох, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн шийдвэрлэлтийг ахиулах, хурдан хугацаанд шийдвэрлэхэд оршино. Түүнчлэн гэмт хэргийн улмаас хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн иргэн хуулийн этгээдийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэгдэнэ.
Тус арга хэмжээ хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Манай улсад хамгийн ихээр үйлдэгддэг хулгайлах, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, цахим мөрийтэй тоглоом, хар тамхины хэргүүд дээр илрүүлэлтийг ахиулах энэ төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох чиглэлийн арга хэмжээнүүдийг идэвхтэйгээр явуулахаар төлөвлөсөн гэж албаныхан мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.