“Парис 2024" зуны Паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид амжилттай оролцож байна. Монголын Үндэсний Паралимпын Хороо (МҮПХ)-ноос баг тамирчдад хүндэтгэл үзүүлсэн байна.
Тухайн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү паралимпын наадамд амжилттай оролцож анхны эмэгтэй аварга У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, бөөрөнцөг түлхэлтийн дасгалжуулагч Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагнажээ.
Түүнчлэн Монгол Улсын баг тамирчдынхаа салхийг хагалсан усанд сэлэлтийн 50 метрийн чөлөөт зайд уралдсан Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж мөнгөн шагналаар урамшуулжээ.
Энэ үеэр Монгол Улсын багийн ахлагч, Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн Паралимпын хорооны тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга Н.Оюунбат медаль хүртсэн тамирчдад паралимпын наадмын медальтны энгэрийн тэмдэг болон медалийн гэр, паралимпын наадмын зурагт хуудсыг гардуулан өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.