АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч агсан Жорж Герберт Бушийг алсын замд нь үдэж, үндэсний хэмжээнд оршуулах ёслол лхагва гарагт Вашингтоны National Cathedral-д үргэлжилсэн. Оршуулгын үеэр Нэгдсэн улсын төрийг удирдаж байсан болон удирдаж байгаа дөрвөн Ерөнхийлөгч нэг дор цуглажээ.
Жорж Герберт Бушийн хүү тус улсын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Уолкер Буш эцгийнхээ оршуулган дээр нулимс дуслуулан харуусал, бахархлаа илэрхийлсэн юм.
Оршуулгын үеэр Жорж үе үеийн төрийн тэргүүнүүдтэй мэндчилэхдээ тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн гарт нэг зүйл атгуулжээ.
Жорж Бушийн Мишель Обамад өгсөн зүйлийг чихэр юмуу гаа байсан гэж эх сурвалжууд бичиж байна. Тэгвэл юуны учир Буш хатагтай Обамад бусдаас илүү найрсаг хандах болов?
Олон нийтийн цахим сүлжээнд Бушийн энэ үйлдлийг хачирхалтайгаар хүлээж авсан хүмүүс олон байна. Өнгөрсөн есдүгээр сард сенатын гишүүн агсан Жон МакКэйний оршуулган дээр Буш, Обама нар зэрэгцэж суужээ. Энэ үеэр Буш гэргий Лаурагаасаа ханиадны эм авч Мишельд өгсөн байна.
Энэ талаараа Ерөнхийлөгч асан тайлбарлахдаа “тухайн үеийн нөхцөл байдалд шууд зохицсон үйлдэл” гэжээ. Харин Мишель Обама “улс төрийн хамааралтай, нэн ялангуяа өмнөх төрийн тэргүүнүүд, тэдний гэр бүлийг урьсан томоохон уулзалт, арга хэмжээн дээр ноён Буштай ихэвчлэн зэрэгцэж сууж таардаг. Тиймээс бид найрсаг түнш” хэмээн хошигнон тайларласан байна.
Эх сурвалж: www.qz.com