СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн цөмийн эрчим хүчний чиг хандлага

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Олон Улсын Атомын Энергийн Агентлагын төлөөлөгч бөгөөд Цөмийн энергийн газрын дарга асан, доктор Норовын Тэгшбаяр

Хүн төрөлхтөн одоогоос 100 гаруй жилийн өмнө цөм гэгч зүйлийг анх шинээр нээж илрүүлж судлаж эхэлсэн байдаг. Тодруулбал, анх 1896 онд Францын физикч А.Беккрель ураны давснаас нүдэнд үл үзэгдэх цацраг ялгарч буйг санамсаргүй тохиолдлоор олж нээсэн байдаг. Удалгүй Мөн Францын физикч Пери Кюри Польш гаралтай эхнэр Мари Кюригийн хамтаар цацраг идэвхийг нээж уг нүдэнд үл үзэгдэх цацраг гурван янзын өөр шинж чанартай байгааг илрүүлж Латин цагаан толгойн эхний гурван үсэг болох Альфа, Бета, Гамма цацраг гэж нэрлэсэн байна. Харин 1911 онд Английн физикч Эрнист Резерфорд /Ernest Rutherford/ алтны нимгэн ялтснаас альфа бөөм сарниж байгааг илрүүлснээр атомын цөмийг анх илрүүлсэн түүхтэй.

Ингээд энэ төрлийн судалгаа шинжилгээ цааш үргэлжилж Итали гаралтай Амеркийн физикч Энрико Ферми өөрийн багын хамт цөмийн хуваагдлын явцад их хэмжээний энерги ялгарч түүнийг удирдлагатайгаар явуулж болохыг анх туршснаар хүн төрөлхтөн цөмийн эрчим хүчийг хэрэглэж эхлэх үндэс суурь тавигджээ.

Хамгийн анхны цөмийн эрчим хүчний реактор Зөвлөлт Холбоот Улс буюу одоогийн ОХУ-ын обинскт анх ажиллаж эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ. Цөмийн эрчим хүчний станц гэдэг нь цөмийн хуваагдах гинжин урвалыг удирдлагатайгаар явуулж эрчим хүч гарган авдаг төхөөрөмж юм

Өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд 440 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 396.0 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн дэлхийн нийт эрчим хүчний 10 хувийг нийлүүлж байна. 60 гаруй реактор 16 оронд шинээр баригдаж байна. Түүнчлэн 55 оронд 220 гаруй судалгааны реактор судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглагдаж 180 орчим шумбагч хөлөг, мөс зүсэгч онгоцнуудад ашиглагдаж байдаг.

Мөн шинээр 160 орчим реактор баригдахаар төлөвлөгдөж, одоогийн байгаа цөмийн эрчим хүчний чадал хоёр дахин өсөхөөр байгаа юм. 2050 онд дунджаар 1000 орчим цөмийн реактор ажиллана гэсэн судалгааг Европын “Эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллага”-аас гаргасан ба үүний ихэнх нь Зүүн Азийн орнууд, Хятад зэрэг улсад байх төлөвтэй байна. 2030 он гэхэд дэлхийн 48 орон цөмийн эрчим хүчийг ашигладаг болно. Уур амьсгалын өөрчлөлтийн 28 дахь их хурал (COP 28th) 2023 онд зохион байгуулагдсан бөгөөд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA) оролцож цөмийн эрчим хүч хэрэглэгч орнууд 2050 он гэхэд цөмийн эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлэх талаар уриалга гаргасан.

Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчийг ашиглаж ирсэнээс хойш цөмийн эрчим хүчний салбар тасралтгүй хөгжиж, дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээнд эзлэх хувь нэмэгдсээр ирэв.

НҮБ-ээс гаргасан судалгаагаар ирэх 50 жилд

1. 1. Эрчим хүч

2. 2. Ундны ус

3. 3. Хоол, хүнс

4. 4. Хүрээлэн буй орчин

5. 5. Ядуурал

6. 6. Терроризм болон Дайн

7. 7. Өвчин эмгэгүүд

8. 8. Боловсрол

9. 9. Ардчилал

10. 10. Хүн амын өсөлт

Зэрэг хүн төрлөхтний өмнө тулгамдах томоохон 10 асуудлуудыг жагсаан гаргасан байна.

Цөмийн эрчим хүчний бодлогоор уг томоохон асуудлуудын эрчим хүч, ундны цэвэр ус, хүрээлэн буй орчины бохирдлын асуудалуудад бодитой хувь нэмэр оруулж чадах юм

Дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын гол асуудал нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдал байдаг. Дэлхийн хүн амын өсөлт, орлогын хэмжээ эрчим хүчний эрэлтийг тодорхойлох хүчин зүйл болдог. Дэлхийн хүн ам сүүлийн 100 жилд дөрөв дахин, эрчим хүчний хэрэглээ 22 дахин өсжээ. Дараагийн 20 жилд хүн ам дахин 1.4 тэрбумаар өсөж, орлого нь 100 хувь өсөх тооцоо гарчээ. Дэлхийн эрчим хүчний агентлагийн гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхийд 1.6 тэрбум хүн эрчим хүчний хомсдолтой буюу эрчим хүчээр хангагдаагүй байна. Эндээс үүдэн эрчим хүчний хэрэгцээ шаардлага асар ихээр нэмэгдэнэ. Тэхээр энэ их өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг тогтвортой, найдвартай эх үүсвэрээр хангах асуудал зүйн хэрэг болоод байна. Цөмийн эрчим хүч үүнд голлох байр суурь эзлэх нь дамжиггүй юм. Шатдаг түлшний нөөц хязгаарлагдмал ба Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь ноцтой асуудал тулгарах юм.

Түүнчлэн хүн төрөлхтний өмнө хамгийн тулгадмаад байгаа нэгэн хурц асуудал бол цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал болоод байна. Хүлэмжийн хийнээс үүдэлтэй цаг уурын өөрчлөлтийг хүн төрөлхтөн сүүлийн 200 жилийн туршид бий болгоод байна. Түүхийн эдийн хязгаарлагдмал нөөц, экологийн бохирдол нь дэлхийн эрчим хүчний салбарын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал болсон. Хүний үйл ажиллагаанаас дэлхийн дулаарал нэмэгдэж тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шаардлага хурцаар тулгамдаад байна.

Тиймээс дэлхий даяараа энэ асуудалд анхаарал хандуулан Хүлэмжийн хийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээнүүдийг авах шаардлага бодитойгоор бий болоод байна. Дэлхийн тэргүүлэгч улс орнууд ч үүнд ач холбогдол ихээр өгч анхааран дэлхийн дулаарлын эсрэг санал санаачилгуудыг гарган хамтран тэмцэж байна. Хүлэмжийн хийг багасгаж, цаг уурын дулаарлын эсрэг арга хэмжээ авах шаардлагатай болсон энэ үед улс орнууд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд хүлэмжийн хий ялгаруулахгүй байгальд ээлтэй цэвэр технологи хэдий ч эдийн засгийн үр өгөөж муутай, өртөг өндөр, хязгаарлагдмал байдал зэрэг нь сул тал нь болдог билээ. Цөмийн эрчим хүчний хувьд Цөмийн цахилгаан станцын түлш 1кг цэвэр уран нь ойролцоогоор 1 сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Энэ хэмжээгээр эдийн засаг, байгаль орчинд өндөр өгөөжтэй тул дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах өндөр сонирхолтой байдгийн гол шалтгаан эндээс харагдаж байна. Агаарын бохирдол үүсгэхгүй мөн давуу талтай. Цөмийн эрчим хүчний хувьд яригддаг сул тал нь цацраг идэвхит хаягдлын асуудал юм. Гэхдээ эргээд энэ гарч буй хаягдал эрчим хүчний шинэ эх үүсвэр, түлш үйлдвэрлэх бүрэн боломжтой билээ. Мөн Улс орнуудад цацраг идэвхт хаягдлыг өндөр энергитэй бөөмөөр бөмбөгдөж цацраг идэвхгүй болгох чиглэлийн судалгаа шинжилгээ хийгдсээр байгаа ба ойрын ирээдүйд дэвшил гарах боломж өндөр юм.

Фукушимагийн ослын дараагаар олон орон цөмийн хөтөлбөрөө эргэн харж, зарим улсууд бодлогоо өөрчлөн сэргээгдэх эрчим болон бусад эрчим хүчний эх үүсвэртэй болохоор зорьсон хэдий ч өсөн нэмэгдэж буй хүн ам, байгалийн дулаарал, экологийн доройтол, эрдэс баялгийн хомсдол хурцаар тавигдаж байгаатай холбоотойгоор, дийлэнхи улс орнууд цөмийн эрчим хүчний бодлогоо зогсоохоосоо илүү түүний аюулгүй байдал, түлшний менежментийг сайжруулах замаар энэ мухардлаас гарч болно гэж үзэж байна.

Цөмийн эрчим хүчээс хамааралтай Канад, Франц, Япон, Энэтхэг зэрэг орнууд тэр дундаа Япон улс цөмийн эрчим хүчнээсээ татгалзаж чадахгүй байна. Эдгээр улсын өөрийн уламжлалт эрчим хүчний түүхийн эдийн нөөц хомс байдаг тул цөмийн эрчим хүчний хэрэглэгээнээс татгалзвал уламжлалт эрчим хүчний түүхийн эд болон эрчим хүчний үнэ огцом өснө.

Эдийн засгийн хүчин зүйлээс гадна нэн чухал хүчин зүйл бол байгаль орчин юм. Цөмийн цахилгаан станцаас татгалзвал гол төлөв нүүрсний цахилгаан станц барих болно. Энэ нь эргээд байгаль орчинд хор нөлөө үзүүлж байгаа юм. НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх 2021 оны Глазгов (Glasgow COP 26th) хуралаас:

ØНүүрсний цахилгаан станцыг шинээр барьж байгуулахыг зогсоох,

ØНүүрсний цахилгаан станц, эрчим хүчний нүүрсний олборлолттой холбоотой бүх төрлийн татаасыг зогсоох,

ØНүүрсний станцууд болон эрчим хүчний нүүрс олборлолттой холбоотой бүх төрлийн экспортын санхүүжилтыг зогсоох,

ØОдоо ажиллаж байгаа нүүрсний цахилгаан станцуудыг зогсоох. Үүнд: өндөр хөгжилтэй орнууд 2030 онд, хөгжингүй орнууд 2040 онд, хөгжиж буй орнууд 2050 он гэхэд бүх нүүрсний цахилгаан станцуудыг зогсоох зэрэг уриалга гаргасан. Хэрэв байгалийн хийгээр цахилгаан станц гаргах эх үүсвэрийг байршуулах хувилбарыг харахад ОХУ-аас түүхийн эдийн нийлүүлэлтээс бүрэн хамааралтай болохоор байна.

Цөмийн эрчим хүчний салбар нь өндөр технологи, стратегийн салбар тул төрийн оролцоо ихтэй салбар юм. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд төрийн өмчит байх нь элбэг байдаг.

 

№      Улс              Ураны олборлолт (тонн)

1        АНУ            GE, Westinghouse (Toshiba худалдаж авсан)

2        Канад          Cameco

3        Франц         Areva

4        Япон            Toshiba, Hitachi

5        ОХУ            РосАтом

6        БНХАУ       CNNC

7        БНСУ          KEPCO 

Цөмийн эрчим хүч, технологийн хөгжил

Цөмийн технологи нь иргэний болон цэргийн зориулалтаар ашиглаж болох технологи учир цөмийн эрчим хүчний циклийн баяжуулалт, дахин боловсруулалт зэрэг шат дамжлага нь өнөө үед ч өндөр технологид тооцогдож, уг технологийг шинээр улс орнууд эзэмших нь олон улсад маргаантай асуудал хэвээр байна.

Цөмийн эрчим хүчний технологийн томоохон экспортлогч болохоор зэхэж буй ОХУ болон хурдацтай өсөж буй хүн ам ихтэй БНХАУ, Энэтхэг зэрэг улсын эрчим хүчний салбарт баримталж буй бодлогын улмаас цаашид дэлхийн нийт цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл цаашид улам өсөх хандлагатай байна. АНУ, Япон, Франц, Солонгос, ОХУ зэрэг улсууд цөмийн эрчим хүчний технологийг экспортлогч гол томоохон тоглогчид ба эдгээр улсууд цөмийн салбараа хөгжүүлэх бодлого баримталж байгаа бол ХБНГУ зэрэг зэрэг зарим улс орон цөмийн эрчим хүчээс татгалзахаа зарласан байдалтай байна.

Цөмийн эрчим хүчний технологийг дэлхийн цөөхөн улс орнууд эзэмшиж байна. Дэлхийд 31 улс цөмийн реакторын технологийг эзэмшиж, эрчим хүч гаргах замаар ашиглаж байна. Цөмийн реакторын технологи хурдацтай хөгжиж байгаа бөгөөд томоохон АЦС-аас гадна жижиг төрлийн цөмийн реакторуудыг бүтээж эхэлжээ. АЦС-ын реакторуудыг PWR-даралтат усны реактор, BWR-халуун усны реактор, PHWR-даралтат хүнд усны реактор, LWR-хөнгөн усны реактор зэргээр ангилдаг байна. Жижиг реакторын хувьд ОУАЭА-ын тодорхойлсноор 300 МВт-аас бага хүчин чадалтай реакторыг жижиг реактор хэмээн үздэг юм. Жижиг реакторыг цөмийн технологийн салбарт тэргүүлэгч АНУ, Япон, Франц, ОХУ зэрэг улс орнууд эрчимтэй хөгжүүлж байна. Жижиг реактор нь шинэ үеийн реакторын технологи бөгөөд олон жилийн турш цэнэглэх шаардлагагүй, алслагдмал газар ашиглах боломжтой зэргээр онцлог юм.

Цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураныг олборлож, боловсруулан шар нунтаг (U3O8) болгохоос цөмийн цикл эхэлдэг. Шар нунтагийг хөрвүүлэн UF6 болгодог бөгөөд үүнийг баяжуулан дахин хөрвүүлж UO2 болгон түлш хийдэг. Түлшийг АЦС-д ашиглана. Ашигласан түлш хаягдал болох бөгөөд үүнийг дахин боловсруулж болно. Дахин боловсруулахад плутоний гарах бөгөөд үүнийг дахин түлшний циклэд оруулан түлш гарган авдаг. Цөмийн циклын хамгийн их анхаарал татсан хоёр үе шат нь ураныг баяжуулах, хаягдал түлшийг дахин боловсруулах шат юм. Учир нь эдгээр үе шатын технологийг эзэмшсэн улс цөмийн зэвсэг хийх түүхий эдийг гарган авах боломжтой юм.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7411) 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.