Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 39 931, мoрдoн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 365 даалгавар мөрдөгчид бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор дээрх албан тушаалтны хэрэг багтсан юм.
П.Лхагвасүрэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан хэмээн буруутгагдаж буй билээ. Тодруулбал, дээрх сайдын 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулсан аж. Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү Л.Түмэндэлгэр нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн тoлүүлэх гэрээ”-г П.Лхагвасүрэн хүүтэйгээ байгуулсан байдаг. Гэвч БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагаагүй “The university of New South Wales” нэртэй сургуульд хүүхэд нь сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авсан аж.
Түүгээр ч зогсохгүй “The university of New South Wales” сургуульд сурч байхад нь зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан барьцаа болох орон сууц, авто зогсоолын барьцааг хүчингүй болгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Тиймээс НПГ-аас П.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 22.1-2 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцоод буй юм. БЗС-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнгийн хувьд өмнө нь хүүгийнхээ нэр дээр байгуулсан “Мосс” гэх компанид 129.8, оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан 157 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгтээ торгох ял шийтгүүлсэн нэгэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөр бусад хэргээ хөөцөлдөөч. юун сүртэй шийдвэр вэ. Энэ зээлээ эргэн төлчихсөн байгаа биз дээ.
Өөр бусад хэргээ хөөцөлдөөч. юун сүртэй шийдвэр вэ. Энэ зээлээ эргэн төлчихсөн байгаа биз дээ.
Өөр бусад хэргээ хөөцөлдөөч. юун сүртэй шийдвэр вэ. Энэ зээлээ эргэн төлчихсөн байгаа биз дээ.