Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан 1939 оны Халхын голын байлдаан нь 20 дугаар зууны томоохон үйл явдлын нэг байсан юм. Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч төлөвлөгөөт ажлууд хэрэгжсээр байна.
Ойн хүрээнд 30 гаруй томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын "Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөний нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтийн ёслолд Маршал Г.К.Жуковын зээнцэр Варбара Ерохина хүрэлцэн ирж оролцсон нь онцлог зочин байлаа. Ялалтын ойн арга хэмжээний хүрээнд Монгол-Оросын хүндэт зочид Монгол дайчдын хөшөө болон Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Маршал Г.К.Жуковын зээнцэр Варбара Ерохина:
-Энэхүү хөшөөг нээх тэр агшинд өөрийн эрхгүй уйлмаар мэдрэмж төрлөө. Учир нь энэ үйл явдал нь зөвхөн Г.К.Жуков жанжны үйл хэрэг бус Монгол Зөвлөлтийн дайчдын байгуулсан хамтын гавьяа, ялалт байсан. Монголын ард түмэн өнөөг хүртэл энэ түүхэн үйл явдал, санан дурсаж хүндэтгэж байгаад маш их баярлаж, талархаж байна. Миний хувьд Монгол оронд хоёр дахь удаагаа ирж байна. Таван жилийн өмнө Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойгоор баярын үйл ажиллагаанд ирж оролцож байсан. Энэ үеэрээ маш олон найз нөхөдтэй болж амжсан. Түүнчлэн ирээдүй хойч үеийнхэндээ энэ түүхэн үйл явдлыг ярьж таниулж ойлгуулах ёстой юм байна гэсэн шийдвэрийг өөртөө гаргаж, энэ талаар идэвхтэй ажиллах болсон юм. Би нэг зүйлийг нэмж хэлэхийг хүсэж байна. Миний эмээ буюу Жуковын хоёр дахь охин Элла Григоревна тэнгэрт одож энэ сайхан үйл явдлын гэрч болж чадсангүй. Жуковын том охин монголын ард түмэнд ялалтын баярын мэнд дамжуулсныг би та бүхэнд уламжилья. Тэд гэр бүлээрээ Монголд амьдарч байсан бөгөөд монголын ард түмэний тусч, найрсаг, зочломтгой занг үргэлж дурсан санаж ярьдаг байсан. Ялангуяа аугаа эх орны дайн эхэлсэн хүнд үедүүдэд Монголын ард түмнээс үзүүлсэн халуун сэтгэлийн тусламжийг энд хэлэх ёстой. Би өвөөгөө бол сайн мэдэхгүй харин эмээ нарийнхаа яриа, дурсамжаас л эр зоригтой, шийдэмгий шударга хүн байсныг нь олж мэдсэн. Миний аав цэргийн алба хааж байсан. Мөн Жуковын гуч хүү түүний нэрэмжит кадетын сургуульд суралцаж байгаа. Харин би залуу үеийнхэнд эх оронч үзлийг сурталчлан дэлгэрүүлэх үйлс хичээн ажиллаж байна. Та бүхэндээ ялалтын баярын мэндийг дахин дэвшүүлье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.