СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-08-23

🔴LIVE: ЧУУЛГАН: Засгийн газрын хөтөлбөрт бие даасан дагуул хотуудыг хөгжүүлэхээр тусгасан

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаж байна. Чуулганы хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Хоёр, гурван асуулт асууя. Орон нутгийн бие даасан байдалтай холбоотой ирэх дөрвөн жилд хууль эрх зүйн хувьд ямар өөрчлөлтүүдийг хийхээр тусгасан бэ.

Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн бодлого бол Засгийн газрын тэргүүн эгнээний зорилт байгаа. Тийм учраас бүсчилсэн хөгжлийг амьлуулахад хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүдийг зайлшгүй хийх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль, Засаг захиргаа түүний нэгжийн тухай хууль гээд олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Хууль эрх зүйн өөрчлөлт оруулж байж, бүс нь цаашаа удирдлагатай, зөвлөлтэй, төсөвтэй болж бодит ажил болно. Тэгэхээр ямар өөрчлөлтүүдийг хийхээр тусгагдсан бэ гэсэн асуулт байна.

Дараа нь Шинэ сэргэлтийн бодлогын зургаан том зорилтын хамгийн эхнийх нь боомтын сэргэлт байгаа юм. Боомтын тухай хуулийг эргэж харах уу. Боомтоо өргөтгөхөд бие даасан хуультай байх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр мөн цаашид үүнд хэрхэн анхаарч ажиллах талаар мэдээлэл өгнө үү

Би тойргийн гишүүний хувьд Өмнөговь аймгийн төвд 50 МКВ дулааны цахилгаан станц барихаар санал өгсөн. Мөн Даланзадгад хотод ШУТИС-ийн харьяа сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэсэн санал өгсөн. Мөн Даланзадгад хотын Говь гурван сайхан нисэх онгоцны буудлыг 4D буюу олон улсын чанартай болгох гэсэн саналууд өгсөн байгаа. Энэ ажлууд ямар шатанд явж байгаа вэ. Ийм асуултууд байна гэв.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нар хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ: 

-Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулаад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний хуваарьт өөрчлөлт оруулах  асуудал  нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орох нь зохимжгүй. Тиймээс нэгэнт бүсчилсэн хөгжлийн бодлогыг тухайлан авч үзэж байгаа учраас гурван намын хамтарсан Засгийн газрын гэрээнд бүсчилсэн хөгжилтэй уялдуулаад засаг захиргаа, нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх эрх мэдлийн зарим томилгоог орон нутгийн удирдлагад шилжүүлнэ гэдэг ийм шийдвэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгагдсан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бол бие даасан дагуул хотуудыг хөгжүүлэх, хот тосгоны эрх зүйн байдлын тухай бие даасан байдлыг тусгах, хот тосгоны хуулийн хэрэгжилтийг хангуулахаар тусгасан. Хот тосгоны тухай хуулийг хэрэгжүүлнэ. Энэ хууль 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хангуулна. Орон нутгийн бие даасан байдлыг хангуулахад энэ хууль том өөрчлөлт авч ирнэ гэж ойлгож байгаа гэв. 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:

-Өмнөговь аймгийн цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зориулалттай Даланзадгадад 50 Мкв хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих ажлыг Байнгын хорооны олонх гишүүд дэмжсэн. Яам бас дэмжиж байгаа гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.