Булган аймгийн нутаг, хуучнаар Дашчойнхорлин хийдэд Дайчин Чин Ван Ханддорж, Монгол орны хамгийн том “Их цагаан суварга”-ыг 1904 онд бүтээж эхэлсэн байдаг. Тухайн үед 1905 оны модон могой жилийн долоодугаар сард Дээрхийн гэгээнтэн XIII-р Далай лам монгол оронд 7 сар морилон саатахдаа “Их цагаан суварга”-ыг өөрийн биеэр аравнайлан, адисалсан юм.
Түүнчлэн суварга босгосон газар нь алдарт Дандар Агарамба заларч байсан түүхтэй. Дээрхийн гэгээнтэн XIII-р далай лам болон Дандар Агарамба нар хоёр биедээ шавь орсон, номын барилдлагатай дээдсүүд байсан гэдэг.
Ийнхүү Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн эрхмүүд гар, бие, сэтгэл зүрхээ шингээн бүтээн босгосон 32 метрийн өндөртэй “Их цагаан суварга” хэлмэгдүүлэлтийн үед сүйдсэн байсныг Булган аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн, “Сод Монгол Групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар өөрийн санаачилгаар 2021 онд дахин бүтээж эхэлжээ.
Эв нэгдлийн “Их цагаан суварга”-ыг шинэчлэн 38 метрийн өндөртэй бүтээсэн нь Азид 5-т, Дэлхийд 6-т өндрөөрөө эрэмбэлэгдэж байна. “Их цагаан суварга” нь зөвхөн шашны төдийгүй танин мэдэхүйн хувьд Уран зургийн галерей, Оройн дээдийн адислал үзмэр, 1024 алтан бурханы чуулганыг багтаасан шашин соёлын төв болж байна.
Энэхүү суваргыг бүтээхэд Далай багшийн нийт бусын номын сахиус болох Балдан Лхам сахиус, Цэрэг дайны аюулаас сахих мэсийн хөө хуяг Лхам бурхны сахиусан хүрд, Бурхан багшийн шарил эрдэнэ Дээрхийн Гэгээнтэнд хуурмаггүй нандин хадгалагдаж буй аривддаг Бурхны ринсрэл, Бурхан багшийн алтадсан нигуртай суумал дүр, Далай багшийн ордноос бүтээдэг манийн үрэл болон Далай багшийн бүтээдэг Пүрэв бурхны бүтээлийн Рашааны үрэл асар нандин, ховор шүтээнүүдийг илгээсэн байна.
Бурхны шашинд суваргыг Бурханы лагшин бие, зарлиг номлол таалал үйлс лугаа барилдлага бөгөөд хамаг бурхдын хурах ордон, Бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүр, газрын сүлд хэмээн үздэг байна.
2024.08.28-ны өдөр нээлтээ хийх “Их цагаан суварга”-ын нээлтэнд зориулж Төв гандан хийдийн лам нар ном хурахаас гадна Монголын шашны томоохон төлөөлөл Гэгээнтнүүд оролцож ном хурна. Мөн улс, аймгийн цолтой 128 хүчит бөхийн барилдаан болж сүсэгтэн олны дунд хандивын сугалаа зохион байгуулж, шилдэг азтан “Приус-40” авто машин, 3 ширхэг мотоцикль болон бусад шагналын эзэд тодрох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.