УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг хэд хэдэн үйлдлээр ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт хандсан.
Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн сүлжээгээр хэдэн хэдэн удаа лайв хийж, бараа бүтээгдэхүүн сурталчилсан, мөн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж буй өдрүүдэд УИХ-ын даргаас албан ёсны зөвшөөрөл хүсэлгүйгээр гадаадад зорчиж, чуулганы хуралдаан тасалсан гэсэн үндэслэлээр ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэж үзсэн юм.
Энэ асуудлыг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өчигдөр хэлэлцэж, ажлын хэсэг гарган ажлуулсан. Ажлын хэсэг эргэж байнгын хороонд дүгнэлтээ танилцуулсан.
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн байна. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар сануулах арга хэмжээ авахаар болжээ. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хувьд ёс зүйн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.