"Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий талаар УИХ дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн, УИХ дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай:
-УИХ-ын даргын 2024 оны наймдугаар сарын 19-ний өдрийн захирамжаар хөдөө аж ахуйг дэмжих хүрээнд "Хүнсний хувьсгал", "Цагаан алт", "Шинэ хоршоо", "Чинээлэг малчин" хөтөлбөрүүдийн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшүүлэх, бодлого арга зүйг бодлогоор дэмжиж, хяналт тавих, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг танилцуулах ажлын хэсэг албан ёсоор байгуулагдлаа.
Энэ оны дөрөвдүгээр сараас орон даяар хэрэгжиж эхэлсэн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 5637 шинэ хоршоо байгуулагдаж, 58000 малчин хоршооны гишүүнээр элссэнээс одоогийн байдлаар нийт 13355 малчин 442 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ. Цаашид хоршооны гишүүдэд хөрөнгө оруулалтын зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн, нөөц санг бүрдүүлж, хоршооны гишүүн малчдад олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Түүнчлэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, дотоод гадаадын зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” хөдөлгөөнийг эрчимжүүлэх нь ажлын хэсгийн бас нэгэн зорилт юм.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолоор нийт 19 чиглэлийн үйлдвэрлэлийн 428 нэр төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааний гаалийн албан татвараас хөнгөлөх жагсаалтыг батлан гаргасан. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тарилан, мал аж ахуйн салбаруудад нийт 308,5 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар танилцууллаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд үндэсний хэмжээний дээрх гурван хөдөлгөөний хэрэгжилт, үр нөлөө, уялдаа холбоог эрчимжүүлснээр цаашид нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь тодорхойлохоос гадна эдийн засгийг төрөлжүүлэх оновчтой шийдэл болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.