СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-08-16

Бага ангийн сурагч гэмтсэн үйлдэлд “Русская гимназия” сургуулийг торгов

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн бага ангийн сурагчдыг элдэв осол, халдлага, гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэвч зарим сургууль үүнийг хэрэгжүүлэхдээ хайнга ханддагаас хүүхэд гэмтсэн үйлдэлд шүүх Зөрчлийн хуулийн дагуу торгох шийтгэл оноожээ.

2023 оны арванхоёрдугаар сарын 14-нд хичээлийн цаг дуусаж, бага ангийн сурагч А.Е болон Б.И нарын эцэг, эх, асран хамгаалагч ирж амжаагүйгээс хүүхдүүд хамт тоглож байгаад нэгнээ түлхсэн аж. Үүний улмаас А.Е-ний хацар зулгарч, шалбаран, хувцас нь халтартсан гэнэ. Бага ангийн сурагч А.Е-ний ээж 18.00 цагт хүүхдээ авахаар очиход ийм явдал болсон байсан тул цагдаа, хүүхдийн эрхийн байгууллагад гомдол гаргаснаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.20-8 дахь хэсгийн “Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, хүчирхийллээс үүдэлтэй, эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтын дагуу гурван сая төгрөгөөр торгожээ. Охины ээжийг сургуулийн хичээлийн байранд очиход жижүүр нь ч байгаагүй гэнэ. Сургуулийн менежер нь охиныг гэмтсэнийг мэдсэн ч эцэг, эхэд нь хэлээгүй, гэрийнхэнтэйгээ кино үзэхээр яаран явахдаа жижүүрт захиад орхисон тухай баримтыг ч зөрчлийн хэрэгт нотлох баримт болгосон байна.

“Русская гимназия” сургууль сурагчдын эцэг, эхтэй гэрээ байгуулахдаа “Анги удирдсан багш 10 хүртэлх насны суралцагчийг хичээлд ирэхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс хүлээн авч, хичээлийн дараа хүлээлгэн өгөх үүргийг сургууль хүлээнэ” хэмээн тусгасан байдаг гэнэ. Харин эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь суралцагчийг хичээл тарсны дараа сургуулиас хүлээн авах хугацааг гэрээнд тусгаагүй аж.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Русская гимназия” сургуулийнхан суралцагчийг бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтсэн болохыг мэдсэн атлаа эцэг, эх, асран хамгаалагчид нь цаг алдалгүй мэдэгдээгүй, гэрээгээ зөрчиж, анги удирдсан болон өдөр өнжүүлэх хариуцсан багш нар нь суралцагч А.Е-нийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгөөгүй, ганцааранг нь орхин явснаар тухайн хүүхдийн амь, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлийг бий болгосон гэж дүгнээд торгох шийтгэврийг хэвээр нь үлдээв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.