Наймдугаар сарын 14-ны өдрийг Монголын жүдо бөхийн шигшээ багийн хамт олон жүдочдын өдөр хэмээн билэгшээдэг байна. Учир нь 2008 оны наймдугаар сарын 14-нд Бээжингийн олимпийн татамид жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100кг-д зодоглосон Н.Түвшинбаяр олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч олимпийн тэнгэрт анх удаа Монголын алтан соёмбот далбаа, мандаж төрийн дуулал эгшиглэж байсан билээ. Энэ өдөр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв өөрийн шавь болох МУГТ Ц.Цогтбаатар, ОУХМ Л.Энхрийлэн нарыг дурсан бичжээ.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв:
-Өнөөдөр Монголын жүдочдын өдөр. Тэд ийм хөөрхөн хүүхдүүд байлаа. Есөннастай, 11 настай тэд юу хүсэж мөрөөдөж байсан бол тэр үед.
Ц.Цогтбаатар маань олимпын их наадмаас хүрэл, дэлхийн аварга, Монголын жүдо бөхийн түүхэнд анхны өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл, залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгө, Ази тивийн аварга гээд олон олон медаль бий.
Л.Энхрийлэн маань жүдо бөхийн Ази тивийн аварга, залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медаль, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт. Саяхан болсон олимпоор Л.Энхрийлэн маань медаль авахаар байлаа. Цогоо маань хүнд бэртэлтэй саяны олимпыг харж байхад шигшээ наймд үлдсэн бөхчүүдийг бүгдийг нь ялж байсан. Ямар нэг медаль авах байж дээ гэж бодож суулаа. 2028 оны олимпод хоёр шавь маань медалийн тавцанд зогсож л байна даа. Цогоо маань бэртлээ сайн эдгээгээд дараагийн Олимпод бэлэн. Л.Энхрийлэн маань 80 гарсан эмээтэйгээ гэр хороололд амьдардаг. Хоёр биенээ гэсэн хоёр хүн байдаг. Эмээ нь Л.Энхрийлэнг анх уралдаан тэмцээнд явахад тэтгэврийн зээл авч түүгээрээ тэмцээн уралдаанд явдаг байлаа. Л.Энхрийлэн маань хүнд бэртэл, хатуу хэцүүг бүгдийг нь даван гардаг бас л сэтгэлийн тэнхээтэй хүн шүү гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.