СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-08-13

Улсын харцага Т.Сайханжаргал: Элэг бүснээс дамжиж барилдахыг илүүд үздэг

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Одоогоос  нэг сарын өмнө буюу Ардын хувьсгалын 103 жилийн ойгоор хоёр харцага цолтон төрсөн. Үүний нэг нь Говь-Алтай аймгийн  Дэлгэр сумын харьяат улсын харцага Т.Сайханжаргал билээ. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор урьж ярилцлаа.

-Таны хувьд энэ жил бэлтгэл жигдэрсэн, эр бяр нь тэгширч, одтой сайхан наадлаа. Уншигчдынхаа өмнөөс улсын харцага цол хүртсэнд нь  баяр хүргэе. Хэр хугацааны хөдөлмөр харцага цол болж ирэв?

-Олон жилийн хөдөлмөрийн үр шимээр төрийн наадамдаа амжилттай барилдаж зургаа давсандаа баяртай байна. Эргээд бодоход тууштайгаар амьдралынхаа 13 жилийг  спортод зориулжээ. Анх улсын наадмын дэвжээг 2016 онд зорихдоо гурвын даваанд Булган аймгийн харьяат улсын начин асан Б.Бат-Эрдэнэтэй таарч өвдөг шороодсон.  Үүнээс  улсын наадмын босго өндөр болохыг  ойлгож  бэлтгэлээ сайн хийх ёстойгоо ухамсарлаж байлаа. Мөн 2017 онд Ч.Санжаадамба аваргыг  улсын наадамд түрүүлхэд нь  дөрвийн даваанд оноолтоор таарсан. Би өнгөрсөн жилүүдэд улсын цол авахын төлөө хөдөлмөрлөж хичээсэн. Энэ жил бэлтгэлээ сайн тааруулсан учраас цол авна гэдэгтээ итгэлтэй барилдсан. 

-Бөхийн барилдаан хоёр өдрийн турш үргэлжилсэн. Таны барилдах үед хажууд нь ямар хүн  зөвлөж, тусалсан бэ?

-Миний шавь аймгийн арслан Э.Дашдэмбэрэл энэ жил анх удаа улсын наадамд зодоглосон. Мөн дотны ах маань хажууд байсан. Аав минь энэ жил анх удаа Цэнгэлдэх хүрээлэнд  ирж бөх үзлээ. “Юү Би Ойл” компанийн  захирал болон Гарди Ганбаа ах минь хажууд байлаа. Гарди Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Д.Лхагвадорж ах нар барилдааныг минь үзэж дэмжлээ.  Дэвжээнд барилдах үед С.Багахүү начин ойр байсан. Ойр дотны хүмүүс хажууд зөвлөж, урам өгөх  нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг болохыг ойлгосон. Өмнөх жилүүдэд гурав, дөрвийн даваанд барилдах үед хажууд зааж зөвлөх хүмүүс байсан бол цол авах боломж байсан болов уу. 

-Улсын наадмын дэвжээнд учраа таарсан бөхчүүдтэйгээ хэрхэн барилдах төлөвлөгөөтэй байв. Эргээд бодоход хамгийн хүч шавхсан нь хэдийн даваа байсан бэ?

-Даваа бүр амаргүй байсан. Нэгийн даваанаас эхлээд л эр бяр нь тэгширсэн хүчтэнүүдтэй таарсан. Өнгөрсөн жилүүдэд нэгийн даваанд сумын заануудтай таардаг байсан бол энэ жил аймгийн начинтай  барилдлаа. Төрийн наадмын эхний учраа Дундговь аймгийн харьяат аймгийн начин  Т.Мягмаржав байлаа. Тухайн үед бороо ороод амаргүй байсан ч даваагаа ахиулж чадсан. Бид өнгөрсөн жил бүх цэргийн баяр наадмын нэгийн даваанд таарч барилдахдаа  би өвдөг шороодсон. Хоёрын даваанд Архангай аймгийн харьяат улсын начин Л.Отгонбаатартай барилдсан. Ингээд гурвын даваанд улсын наадамд олон жил зодоглосон туршлагатай  хурц арслан Ө.Сүхбаттай учраа таарлаа. Дөрвийн даваанд Баянхонгор аймгийн харьяат улсын үнэн зоригт харцага Н.Золбоог давсан. Начны даваанд улсын гарди Б.Гончигдамбатай хүч үзсэн. Харин зургаагийн даваанд улсын заан М.Лхагвагэрэлтэй таарч харцага цолны болзол хангаж, есөн хөлт цагаан тугаа тойрсон. Нэг таамаг байсан нь хоёрын даваанд улсын начин цолтонтой таарна гэж бодсон. Өмнө жилүүдэд ийм л байсан.

-Зургаагийн даваа наадамчдыг суудлаас нь өндөлзүүлсэн барилдаан болсон. Та өмнө нь М.Лхагвагэрэл заантай таарч барилдсан байв уу?

-Бид өмнө нь таарч барилдаж байсан. Зааны хувьд энэ жил олимпод барилдах учраас чөлөөтийн бэлтгэлдээ анхаарч, хүчний бэлтгэлээ бага хийсэн байх. Тиймээс зургаагийн даваанд золгооноос шийдсэн мэхээ хийх бодолтойгоор дэвжээг зорьсон. Гэвч золгооноос өмнө барилдаан шийдэгдсэн. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд төрийн тэргүүнээсээ батламж, тэмдгээ аваад наадамчин олонтойгоо баяраа хуваалцахад сайхан  мэдрэмж төрсөн. Уухайн дуугаар баяр хүргэх мөч үгээр илэрхийлэшгүй.

Нутгийн түмэн минь шинэ харцагатай болоод их баярласан. Ээжийн  нутаг болох Жаргалан сумандаа 2015 онд аймгийн арслан болоод очсон. Саяхан улсын харцага цолтой очсон. Мөн миний төрсөн нутаг Дэлгэр сумын түүхт 100 жилийн тохиосон. Нутгийн ойдоо шинэ цолоор бэлэг барьж чадлаа.

-Улсын цол авалгүй  доогуур даваанд унасан цаг хугацаа таныг хурцалсан байх. Тухайн үеийн сэтгэл зүй ямар байдаг вэ?

-Сэтгэлээр унах нь харьцангуй бага. Илүү хөдөлмөрлөх ёстой гэж боддог. Мэдээж алдаа гаргаад унаж байгаа учраас дүгнэлт хийнэ. Ер нь улсын наадмын дэвжээнд 2-3 давах амаргүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд гурав, дөрөв давсан үеэ амжилт гэж хардаг.  Амжилттай барилдах ёстойгоо ухамсарлаж наадмын маргаашаас шууд  бэлтгэлдээ орно.  Би спортод ирээдүйгээ бэлдэж байгаа. Тэд минь энэ жил аймгийн цолонд хүрсэн. Цаашид нутгийнхаа бөхийн хөгжилд анхаарч,  залуусаа дэмжээд явна.

-Сүүлийн үед Говь-Алтай аймгаас хүчтэнүүд хэр төрж байна. Сайн бөх төрөхөд юу нөлөөлөх бол?

-Энэ цаг үед Алтай нутгаас минь  залуус гарч ирж байгаа. Амжилтад хүрэх боломжтой залуус байлгүй яахав. Тэднийг дэмжих нь чухал. Манай аймгийн Хантайшир дэвжээний хүчтэнүүдийн бэлтгэлийг улсын начин Багахүү, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ нар удирддаг.  Үнэнийг хэлэхэд манай нутгийн дэвжээ бэлтгэл хийх заалгүй. Нэг спорт хороотой яриад сул цагаар нь бэлтгэлээ хийдэг. Нутгийн хүчтэнүүдийг бодлогоор дэмжих зүйл дутагдаад байгаа нь ажиглагддаг.  Архангай, Увс, Ховд аймгууд хүчтэний өлгий нутаг. Бодлого сайтай газраас бөх төрдөг юм байна.

-Та бөхийн спорттой холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу. Ямар багш таныг спортод хөтөлж оруулсан бэ?

-Анх бөхийн замналыг сонгохдоо чөлөөтөөр сууриа тавьсан. Би 17 насандаа Б.Баяраа багшид шавь орж, бэлтгэл хийж эхэлсэн. Бэлтгэл хийх явцдаа бэртэл авч хэсэг хугацаанд спортоос хөндийрсөн. Энэ хугацаанд бэртэл эдгэж, ажил хийж амьдралаа дээшлүүлсэн. 2011 онд дэвжээндээ эргэн ирэхдээ аймгийнхаа наадамд зодоглохдоо тунаж начин болсон. Үүнээс гурван жилийн дараа харцага болсон. Энэ амжилтаасаа урам зориг авч намраас нь бэлтгэлдээ шамдсан. Анхны цолоо  2009 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын шигшээ 32 бөхийн барилдаанд сумын начин болсон.

Бөхийн замналыг сонгосон нь  гэр бүлтэй минь салшгүй холбоотой. Манайх таван хүүтэй айл учраас багадаа хоорондоо ноцолдож өссөн.  Ээжийн талд  бяр чадалтай хүмүүс байсан юм билээ.  Харин аавын талд барилддаг хүмүүс байсан гэдэг. Ээжийн эгчийн хүүхэд буюу нагац ах н.Амгалан аймгийн арслан цолтой. Ахаасаа суралцаж үлгэр дуурайлал авч бөх болохоор шийдсэн. Ах маань хажууд дэмжсэн учраас би өдий зэрэгт хүрсэн. Миний төрсөн ах сумын заан цолтой байсан ч залуугаараа бурхан болсон.  Манай дүү фитнессийн спортоор хичээллэдэг ОУХМ Т.Жаргалбаяр гэж залуу бий. Мөн нэг ах маань пауэрлифтингээр хичээллэж байна.

-Хэн илүү хөдөлмөрлөсөн нь зорилгодоо хүрдэг жамтай. Өөрийн туулсан замналаасаа дүгнэхэд амжилтын нууцыг хэрхэн харж байна?

-Амжилтад  тууштай байдал нөлөөлдөг. Хөдөлмөрлөж явахдаа амжилт гарна гэдэгтээ итгэлтэй байх нь чухал. Тамирчид бэлтгэл хийгээд олон зүйлийг золиослодог. Ажил хийгээд амьдралаа авч явах, сурч хөгжих сонголт гарна. Үүнийг сонгохгүйгээр бэлтгэлдээ шамддаг хүмүүс бол тамирчид. Зарим үед хичээгээд амжилт ирэхгүй үе тохионо. Тиймээс тамирчдад дэмжлэг чухал. Намайг 2015 оноос хойш н.Сэргэлэн захиралтай  “Юү Би Ойл”компани сар бүр цалин өгч дэмжлэг үзүүлсэн. Үүний нөлөөгөөр сумаасаа анхны аймгийн түрүүг хүртэж амжилт гаргалаа. 

-Бөх бүр өөрийн барилдааны онцлогтой. Дэвжээнд гараад ихэвчлэн хийдэг мэх нь юу вэ?

-Цаг хугацаа өнгөрөх тусам барилдааны арга барил өөр болдог. Магадгүй хурд удаашрах тусам мэх өөрчлөгддөг байх. Жин багатай байхдаа давхар хамдаг байлаа. Дараа нь сэнжиг, элэг бүснээс дунгуйлдаж эхэлсэн. Одоо золгооноос мэх уралдуулж  байна. Мөн элэг бүснээс дамжиж барилдахыг илүүд үздэг. 

 -Үндэсний бөхийн хөгжил ямар түвшинд хүрсэн гэж харж байна. Энэ цаг үед барилдаж байгаа хүчтэний хувьд сэргээшийн тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Өв соёлын нэг болох үндэсний бөх хөгжиж байна. Тиймээс бид дэлхийтэй зэрэгцэж явах ёстой. Шударга өрсөлдөөнийг эрхэмлэхийн тулд сэргээшийг цэгцлэх хэрэгтэй. Нэгэн үе допингийн асуудал  хурцадахад  сэтгэл санаагаар унасан. Допин хэрэглэсэн бөхчүүд  дөнгөж гарч ирж байгаа бөхчүүдийг золгоод  өргөөд шиднэ. Сэргээш бэртэл гэмтэл дагуулж, барилдаан удаашруулдаг талтай.  Харин одоо шинжилгээ аваад сэргээшийн төрлийн бодис илэрсэн бөхчүүдэд зохих хэмжээний шийтгэл оногдуулдаг болсон. Орчин үед анагаах ухаан хөгжсөн.  Мөн сэргээш олон төрөлтэй учраас ангилах нь чухал. Зүрхний эмнүүд, шээс хөөх эмийг  допингоос салгавал зохистой. Бөхчүүд ямар эм хэрэглэвэл допин илрэх болохыг сайн мэддэг байх хэрэгтэй. Уран хурц барилдаантай бөхчүүдийн эрэн үе ирснийг онцолъё. Хүн чадлаараа эсвэл ямар нэгэн аргаар  цолонд хүрч болно. Гэхдээ цолныхоо хэмжээнд хүрч барилдах ёстой. Цолондоо хүрч барилдаж байгаа эсэхийг ард түмэн шүүдэг. Бөх хүн цолонд хүрсэн шигээ сайн барилдах хэрэгтэй. 

-Энэ жил талбайн зүлэгнээс шалтгаалж олон бөх хальтирч наадмаа өндөрлүүлж, зарим хүчтэнүүд хүнд хөнгөн бэртэл авлаа. Та дэвжээнд барилдахдаа халтирах вий гэсэн айдас байв уу?

-Энэ жилийн наадмын зүлэг хөлбөмбөгийн талбайн зориулалттай. Хөлбөмбөгийн зориулалтын гутлын ул  арзгар байдаг. Монгол гутлын ул гөлгөр, бороо орохоор халтьрах нь тодорхой. Хүмүүс янз бүрээр л тодорхойлж, үзэл бодлоо илэрхийлсэн байсан. Дэвжээ борооны шүлтүүртэй байх ёстой гэсэн зүйлүүд ярьсан.  Наадмын үеэр зарим бөхчүүд халтирхаас болгоомжилж барилдсан байх. Миний хувьд халтирна гэсэн бодол байгаагүй учраас зориглоод явж барилдахыг чухалчилсан.

-Тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл. Үүнээс хэрхэн сэргийлэх ёстой гэж боддог вэ?

-Олон жилийн турш хөдөлмөрлөөд явахад бэртэл намайг тойроогүй. Хүнд хөнгөн олон удаа бэртэл авсан. Үүнээсээ ухамсарлаж бэртэлээсээ сэргийлж болдгийг өөрөөсөө харж байна. Барилдаад унах асуудал биш. Хамгийн муу амжилт  бэртэл гэмтэл. Тухайн бөх наадмаар унахад дараа жилийг хүлээнэ. Харин бэртэл авбал нэг жилээс илүү хугацааг зарцуулдаг. Тиймээс бэртлээс сэргийлэх нь зөв .

-Таны хэтийг харсан зорилго илүү томорсон байх. Холыг  харсан төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Монгол түмэн бөхөө их дэмжиж хайрладаг. Тиймээс цаашдаа цолондоо эзэн болж барилдана. Үүнээс гадна энэ жилээс багшаар удирдуулаад бэлтгэл хийхээр төлөвлөсөн.  Би фитнесс клуб ажилуулдаг учраас наадмын дараа бэлтгэлдээ орсон.  Намраас зохион байгуулагдах барилдаануудад цолоо хамгаалж  барилдахын төлөө хичээнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Нямсүрэн

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 155 (7399)

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.