Зун цаг. Найр наадам тасрахгүй л байна. Наанаа улс төр намдуухан харагдаж буй. Гэвч улс төр цаагуураа зуны халуун шиг буцалж л байгаа бололтой. УИХ-ын сонгууль шинэ системээр явагдсантай холбоотойгоор түүнийг дагасан “хуваарилалт”-ууд эрчимтэй явагдаж байна. Үүний зэрэгцээ хууль эрх зүйн маш том өөрчлөлтийн сураг ч дуулдлаа. Тэр нь юу гэхээр, Үндсэн хуулийн Цэцийг Улсын Дээд шүүхэд нэгтгэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Гэхдээ “...Нэгтгэх” гэдгийг шууд утгаар нь ойлгох нь өрөөсгөл юм байна.
Үндсэн хуулийн Цэцийн тухайд уул үүрэг нь шүүхийнх байдаг. Ингэхдээ Үндсэн хуулийг л хамгаална, дагана. Гэвч сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн Цэцээс “...Улс төрийн шийдвэр гаргадаг, улстөрчдийн захиа даалгавар биелүүлдэг” гэх шүүмжлэл салахаа больсон. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн бүрэлдэхүүн, зарим гишүүд нь ч үүнийг нотолдог.
Хэдийгээр нотлох, батлах баримт сэлт нь олон нийтэд ил болдоггүй ч “улс төрийн шийдвэр” байх өндөр магадлалтай олон шийдийг Үндсэн хуулийн Цэц гаргадаг. Үүнийг улс төрийн үйл явдлуудыг нэлээд нарийн анзаардаг хүмүүс хэлсээр удсан. Хамгийн сүүлд 2024 оны зургаадугаар сарын 26-нд УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн холбогдох зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг их суудлын хуралдаанаар хэлэлцсэн.
Тодруулбал, УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “...УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, Улсын Дээд шүүхийн шүүгчтэй танилцахдаа нэр дэвшигчийн сонсгол хийхээр заасан байгаа нь төрийн эрх мэдлийн хяналт харилцан тэнцвэрээ алдах, нэг талын бүрэн эрхэд халдаж, нөлөөлөхөөр байна” гэсэн мэдээлэл шаардлагыг нэгэн иргэн гаргажээ.
Товчхондоо, өнгөрсөн УИХ-ын үед төрийн хяналтыг бий болгож, олон нийтийг мэдээллээр хангах цор ганц гүүр болсон УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу хийгддэг сонсголуудыг цөөлөх “хүсэлт” ингэж Үндсэн хуулийн Цэцэд очжээ.
Энэ хуулийн дагуу нүүрсний, Хөгжлийн банкны, эмийн, ногоон автобусны гээд олон төрөл, чиглэлийн сонсголыг УИХ зохион байгуулсан. Үр дүнд нь олон нийт мэдээлэл авдаг. Үүнээс өөр үр дүнгүүд ч мэдээж бий. Үүний хүрээнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй “танилцах” сонсгол хийдэг. Тэр ч бас зөв, ил тод байдлыг хангадаг гээд олон нийт ам сайтай байдаг.
Харин Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас дээрх албан тушаалд нэр дэвшигчидтэй танилцах сонсгол хийх нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн агуулга бүхий дүгнэлт, шийдвэрийг гаргажээ. Ингэснээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Улсын Дээд шүүхийн шүүгчийн томилгоо олон нийтээс “холуур” өнгөрөхөөр болж байгаа юм.
Хамгийн гол нь Үндсэн хуулийн Цэцийн энэ мэт шийдвэрийг улс төрийн хүрээнд “...Улс төрийн шийдвэр гаргадаг дампуу байгууллага” хэмээн дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллагыг “...Зорилго, үүргээсээ гажсан” гэж үзэж буй юм байна.
Ингэж зөвхөн улстөрчид ч үздэггүй. Үндсэн хуулийн Цэцийн даргаар олон жил ажилласан доктор, профессор Н.Жанцан л гэхэд “...Хэдийгээр Эрх зүйт төрийн үзэл баримтлалыг хүлээн авч хөгжүүлж байгаа ч өөрсдийн улс төрийн болон амин хувийн явцуу ашиг сонирхолдоо нийцүүлэн эрх баригчид Үндсэн хуулийн үзэл санааг гуйвуулан тайлбарлахаас эхлээд, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд Үндсэн хуулийн заалтуудыг санаатай, санамсаргүйгээр өөрсдөдөө ашигтай байдлаар буруу хэрэглэн гажуудуулах тохиолдол гарсаар байна. ... Нэн тэргүүнд Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, улс төрийн нам, албан тушаалтны зүгээс ирэх нөлөө дарамтыг багасгах, Үндсэн хуулийн Цэцийн хараат бус байдлыг баталгаажуулах явдал чухлаар тавигдаж байна. ... Цаашдын хандлага, хөгжлийн чиг баримжаагаа тогтоох, шийдвэрийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх зэрэг асуудалд Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой” гэсэн байдаг.
Энэ мэтээс асуудал ургаж, улмаар Үндсэн хуулийн Цэцийн одоо байгаа хэлбэрийг татан буулгаж, анх байгуулсан үндсэн агуулгад нь нийцүүлж дахин байгуулах, эсвэл үйл ажиллагааг нь Улсын Дээд шүүхэд хамааруулах зэрэг олон хувилбар яригдаж эхлээд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ГАРЬД
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 154 (7398)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Муу хувилбар
Муу хувилбар
Муу хувилбар