Монголын шатрын холбоо анх удаа Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах талаар Олон улсын шатрын их мастер А.Энхтуул мэдээлэл хийж байна.
Олон улсын шатрын их мастер, Дэлхийн Шатрын Холбооны Глобал Бодлогын зөвлөлийн гишүүн А.Энхтуул:
-Монголын шатрын холбоо 69 жилийн түүхэндээ анх удаагаа ахмад шатарчдадаа зориулж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэрэлжид наймдугаар сарын 9-19-ний хооронд 13 дахь удаагийн Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
Тэмцээнд Монгол, ОХУ, Энэтхэг, Кувейт, Малайз, Филиппин, Шинэ Зеланд, Казакстан, Япон зэрэг есөн орны 80 орчим шатарчид оролцохоор мэдүүлээд байна. Оролцогчдоос дурьдвал Монгол Улсын найман удаагийн аварга, анхны Их мастер, МУГТ Б.Хатанбаатар, Ахмадын дэлхийн аварга, Их мастер, ОХУ-ын тамирчин Галина Струтинская, Ахмадын Азийн аварга, Олон Улсын мастер, Филиппин Улсын тамирчин Хосе Эфрен Багамасбад тус тус оролцохоор мэдүүлээд байна.
Энэ удаагийн тэмцээн нь Ази тивийн түүхэндээ анх удаа 50-иас дээш болон 65-аас дээш гэсэн хоёр насны ангиллаар зохиогдож байгаа бөгөөд шагналын сан 9200$-оос бүрдэж байна. Манай тэмцээнийг зохион байгуулахад Биеийн тамир, Спортын Улсын Хороо болон World Terelj Resort зочид буудал хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Мөн ивээн тэтгэгчээр Гэрэгэ систем ХХК, Таванбогд моторс ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Тэмцээний ерөнхий зохион байгуулалтын комиссын даргаар Монголын Шатрын Холбооны Фиде төлөөлөгч, ОУ-ын шатрын Их мастер, Дэлхийн Шатрын Холбооны Глобал Бодлогын Зөвлөлийн гишүүн А.Энхтуул Багаа удирдан ажиллаж байна. Тэмцээний нээлтийн ёслолд тамирчдаас гадна УИХ-ын гишүүд, оролцогч тамирчдын орны элчин сайдууд, шатрын спортын хүндэт зүтгэлтнүүд оролцоно.
Тус тэмцээний зохион байгуулагч Монголын Шатрын Холбоонд амжилт хүсэж, Азийн Шатрын холбооны Ерөнхийлөгч эрхэм дээдэс Шейх Султан бин Халифа Аль Нэхян баярын мэндчилгээ ирүүлсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.