“Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж буй оюутнууд өнөөдөр тангараг өргөж, халагдах юм байна. Энэ жилийн хөтөлбөрт нийт 1000 гаруй оюутнууд хамрагдаж байгаа юм.
Анх 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тус хөтөлбөр, сургалтыг Батлан хамгаалах яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбооноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 8200 гаруй оюутан дээрх хөтөлбөрт хамрагдсан байна.
Тус хөтөлбөр нь Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрт хамруулан нэгдүгээр шатны бэлтгэл үүрэгтнийг бэлтгэх үндсэн зорилготой юм.
Шар хад дахь сургалтын төвийн тухайд энэ жилийн хөтөлбөрт МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, СУИС, СЭЗДС, Монгол улсын Консерватори, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургууль, Мандах их сургууль, Этүгэн их сургууль зэрэг 30 гаруй их дээд сургуулийн 600 гаруй оюутан хамрагджээ.
“Оюутан цэрэг"-үүдийн ар гэрийнхэн нь цэргийн штабууд дээр очиж, тангараг өргөх арга хэмжээг үзэж сонирхоход нээлттэй юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.