Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дахь сургалтын төвөөс "Оюутан цэрэг-2024” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж буй оюутнуудын ар гэрийнхэнд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр тус төслийг анх хэрэгжүүлэгчдийн нэг, “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, Ардын багш, хурандаа Г.Мягмаржавын сэтгэгдлийг сонслоо.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, Ардын багш, хурандаа Г.Мягмаржав:
-“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлээд 10 жил болж байна. Анх 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 тоот зарлиг гарч, Засгийн газарт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг эхлүүлэх тухай чиглэл өгсөн юм. Тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ намайг Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Сургалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байх үед үүрэг өгсөн. Би богино хугацаанд цэргийн эрдэм сурах чиглэлээр ОХУ-д шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байсан. Энэ сэдвийнхээ хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, 2014 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр анги буюу Алтанбулагт 500 цэрэг авч, хөтөлбөрийг туршилтын байдлаар явуулсан. Дараа жил нь 1000 оюутныг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулсан. Ингээд болох юм байна гэж үзээд жил бүр амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Хугацаат цэргийн албанд нэг жил сурч байгаа зүйлээс яг цэргийн албанд хэрэг болохыг нь богино хугацаанд сургаж, цэргийн алба хааснаар тооцож болох юм гэсэн хуулийн өөрчлөлтийг Батлан хамгаалах тухай багц хуульд тусгасан юм. Эрх зүйн орчин нь баталгаажаад жил бүр “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 8200 гаруй оюутан хамрагдаад байна.
Цэрэг хүнд яг юу хэрэгтэй вэ гэдгийг авч үзэж, гол зүйлийг нь богино хугацаанд зааж байгаагаараа ач холбогдолтой. Нэгдүгээрт, оюутан хүн цэргийн алба хааснаар Үндсэн хуульд заасан цэргийн алба хаах дүрэмт үүргээ биелүүлнэ. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуульд суралцангаа цэргийн алба хааж байна гэсэн үг. Хоёрдугаарт цэргийн алба хааснаараа ирээдүйд төрийн алба хаших бүрэн боломжтой болж байна.
Гуравдугаарт цэргийн алба хаасан залуучуудыг ажилд авах дуртай байдаг. Цэрэгт явсан залуус төлөвшсөн, ёс суртахууны хувьд сайн болсон байна гэдэг. Их дээд сургуулиуд оюутнуудаа энэ хөтөлбөрт явуулах гэж өрсөлддөг болсон. Яагаад гэхээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд очоод сайн сурч байгаа. Сурлагадаа амжилт гаргадаг. Учир нь энд ирээд хатуужил, төлөвшил, ёс суртахуунд суралцдаг. Дөрөвдүгээрт, цэргийн алба хаасан залуус хамт олон ч болдог юм байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.