Зүүн Хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг.
Энэ удаагийн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр , хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулга уулзалтыг нээж, үг хэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
- Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтад оролцож, мэндчилгээ дэвшүүлж буйдаа талархалтай байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Тогтвортой хөгжил: Төр, хувийн хэвшлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон, өндөр ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна. Орчин үеийн хотыг хиймэл оюун ухаан, блокчейн ашиглан хөгжүүлэх шаардлагатай байна.
Сонгуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө Нүүдлийн соёл иргэншлийн уламжлалтай Монгол орны хувьд орчин үеийн хотын хөгжлийг хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн хүчээр нутагшуулж, хүнд илүү ээлтэй болгох чухал шаардлага бий. Энэ нь төвлөрлийг улсаас хот руу шилжүүлж буй орчин үеийн дэлхийн чиг хандлагад дөхөх, улмаар хот бие даан хөгжихөд ач холбогдолтой. Ийнхүү Улаанбаатар хотыг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хүнд ээлтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал ач холбогдолтой. Энэ ч утгаараа Улаанбаатар хотын нийтийн тээвэр, зам харилцаа, ногоон байгууламж, эрчим хүчний чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр олон намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан юм. Үүнээс гадна байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн менежмент, хог хаягдлын менежменттэй холбоотой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зайлшгүй юм. Эдгээр төсөл, хөтөлбөрийг төлөвлөх, сайжруулах, хэрэгжүүлэх шинээр бүрэлдсэн хамтарсан Засгийн газар хэрхэн хэрэгжүүлэх, хэнтэй хамтрах зэрэг олон асуултуудын өмнө байгаа бөгөөд үйл ажиллагааны хөтөлбөрөө эд боловсруулж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэхэд УИХ, Засгийн газраас идэвх, санаачлагатай ажилласан билээ. Улаанбаатар хотын хувьд бие дааж гүйцэтгэж ирсэн тодорхой ажлуудаа хувийн хэвшилд шилжүүлэх процесс өрнөж байна.
Цаашид УИХ-аас орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах, шаардлагатай санхүүжилтийг гадаад, дотоодоос босгох, төр хувийн хэвшлийн түншлэлийг цогц утгаар нь хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсруулан ажиллах болно.
Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй эрхэм хотын дарга, төлөөлөгч та бүхэнд талархал илэрхийлж, чуулга уулзалтад амжилт хүсье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.