Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд “Агапе” христийн эмнэлэг БНСУ-ын эмч нартай хамтран тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ бохир багажаар шүд авсан, эрүүл ахуйн шаадлага хангаагүй багаж, тоног төхөөрөмжөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн гэх гомдлыг тухайн сумын эмчийн зүгээс салбар яаманд гаргаад байсан юм.
Тэгвэл энэ гомдлын дагуу ЭМЯ-аас шалгалтын ажиллагааг явуулж, тус эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Энэ талаар ЭМЯ-наас мэдээлэл гаргалаа.
Эрүүл мэндийн яам:
-Эрүүл мэндийн яамнаас Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд “Агапе” христийн эмнэлэг БНСУ-ын эмч нартай хамтран тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүссэн нөхцөл байдалд Хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн дараах арга хэмжээг авлаа.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, тус эмнэлэгт Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэв.
Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн арга хэмжээ тооцож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгуулах хугацаатай үүрэг өгсөн.
Түүнчлэн тус сумын иргэдийн шүдний тусламж, үйлчилгээнд ашигласан багаж, материалаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж байна.
Биндэр суманд шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдсан 52 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, гепатитын В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн нүүр амны эмчийн хяналтад авах, шүдний тусламжтай холбоотой үрэвсэл, буглаа зэрэг халдварын шинж тэмдэг илэрвэл эмчлэн эрүүлжүүлэх, мөн тэдгээр иргэдэд давтан шинжилгээг наймдугаар сарын сүүлийн 7 хоногт дахин хийхээр шийдвэрлэлээ.
“Агапе” христийн эмнэлэг нь Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 43 иргэнд гемодиалезийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэдийг өөр эмнэлгээр хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлүүлэх арга хэмжээг авч байгаа юм.
Одоогийн байдлаар хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аймаг, сум, багт явуулын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн, гаднын байгууллага, сайн дурын ажилтнуудыг зөвшөөрөлтэй эсэх, үйл ажиллагаа явуулахдаа чанар, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж заавар, журмын дагуу ажиллаж байгаа эсэхэд орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж, явуулын тусламж үзүүлж буй байгууллага, эмч, мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байгаа тохиолдолд албан ёсны гэрээ байгуулах үүрэг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мэдэгдээгүй хичнээнэ хүнд халдвар тараасан болоо заваан юмнууд.
Zuv!