"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын Боксын спортын эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд тулалдсан Монгол Улсын тамирчин Олон улсын хэмээний мастер /ОУХМ/ О.Есүгэн Колумбын тамирчин Лорена Валенсиа Викториятай хийсэн тулаанд 5:0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Ингэснээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Манай тамирчин О.Есүгэн олимпод оролцож буй тамирчдадаа амжилт хүсжээ.
ОУХМ О.Есүгэн:
-Монгол Улсын далбаан дор эвлэлдэн нэгдэж хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай болсон Олимпын их наадамд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй нийт баг тамирчиддаа амжилт хүсье!
Миний хувьд эхний тулаандаа ялагдал хүлээснээр олимпоо өндөрлүүлж байна. Спорт шимтэн үзэгчид нийт Монголчуудаасаа хүлцэл өчье! Энэ хүртэл тусалж дэмжсэн Монголын боксын холбооны нийт удирдлага, Онцгой байдлын ерөнхий газар, багш дасгалжуулагч, эмч, сэтгэлзүйч, хоолзүйч, баг хамт олон, найз нөхөд, хайртай дотны хүмүүсдээ баярлалаа. Миний хувьд энэ олимпд таван даваа давах зорилго тээж ирсэн. Энэ хүртэл хоолтой хоолгүй хоносон өдрүүд зорилгоо биелүүлнэ гэсэн чин хүсэл эрмэлзлээр дүүрэн олон сарын бэлтгэлт сургуулилт, хөлс, хүч, хөдөлмөрөө зориулсан. Гэвч эхний даваандаа бүдэрч олимпоо өндөрлүүллээ. Тамирчин хэн бүхний хүсэл мөрөөдөл олимп, тив, дэлхийн аварга болох байдаг. Парисын тэнгэр биднийг ивээж Монгол Улсын минь төрийн дуулал олонтоо эгшиглэх болтугай! гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.