Олон нийтийн цахим сүлжээ фэйсбүүк хаягтаа оруулсан зургийг нь хараад, тухайн айлыг эзэнгүй гэж мэдээд гэрт нь хулгай орсон хэрэг гарчээ.
Аялал зугаалгаар явж гэрээсээ хол байгаа тухайгаа цахим орчинд нийтэлж өөрийн болон гэр бүлийнхээ зургийг тавьдаг энэ нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна.
Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт айлын гэрт хулгай оржээ гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад тус хаягт оршин суух А нь гэрээсээ хол аялж зугаалж яваа зургаа өөрийн цахим хаягтаа оруулсан нь гэмт хэрэгтэнд олз болж, эзэнгүй айлаас хулгай хийх сэдэл төржээ.
Иймд иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол гэр бүлээрээ болон өөр бусадтай аялж явж байгаа зургаа гэртээ ирснийхээ дараа цахим орчинд нийтлэхийг зөвлөж байна. Түүнчлэн та олон хоногоор амралт зугаалгаар явах гэж байгаа бол хаалга цонхондоо найдвартай цоож бэхэлгээ хийх хэрэгтэй.
Энэ он гарснаас хойш орон байрны хулгайлах гэмт хэргийн шинжтэй 989 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж цагдаагийн байгууллаагаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.