Монголын Үндэсний бөхийн холбооны Допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс өнөөдөр хуралдаж, улсын арслан Э.Оюунболдыг үндэсний их баяр наадмаар барилдуулах эсэхээр шийдвэр гаргана. Тус комисс 17.00 цагт шийдвэрээ танилцуулахаар төлөвлөжээ.
Барилдах эрхээ найман жилээр хасуулсан улсын арслан Э.Оюунболд Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрт нэхэмжлэл гаргажээ. Түүний шаардлагыг Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрын давж заалдах комисс хүлээн авсан байна. Улмаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос түүний маргааныг Монголын үндэсний бөхийн холбоо болон эрх бүхий комисс шийднэ гэсний дагуу ийнхүү өнөөдөр хуралдахаар болжээ.
Допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комиссыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр байгууллагын зөвлөснөөр байгуулжээ. Тус комисс нь Засгийн газраас 2022 онд баталсан Үндэсний допингийн эсрэг дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.