СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-06

“Шөнийн парад”-ын бэлтгэл амжилттай явагджээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бүрэлдэхүүн Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, "Монгол Улсын Төрийн далбааны өдөр"-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох бэлтгэлийг үндсэндээ хангаад байна.

Энэ удаа буюу 7 дугаар сарын 3, 5-ны шөнийн 03.30 цагаас 06.30 цагийн хооронд дээрх Цэргийн ёслолын жагсаалд оролцох Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүн жанжин Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн бэлтгэлээ амжилттай зохион байгууллаа.

 

Өнгөрөгч 6 дугаар сарын эхнээс Цэргийн ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүнийг сонгон хүн нэг бүрийн, эгнээний болон рот, батальоны жигдрэлтийн дадлагыг тус тусын байнгын байрлалд хангасан юм. Харин 6 дугаар сарын 14-ны өдрөөс ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газар хариуцаж, хуучнаар Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын талбайг ашиглан хэд хэдэн удаагийн нэгдсэн бэлтгэлийг үр дүнтэй зохион байгуулсан.

Энэ жилийн хувьд, уг Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг , Агаарын цэрэг, Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг, Барилга-инженерийн цэрэг, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн морьт цэргүүд зэрэг 16 байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцож байна.

 

Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр командалж буй бөгөөд тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах, тугчаар Зэвсэгт хүчний Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очир, туг хамгаалагчаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын даргын орлогч хурандаа С.Сүх-Очир, ЗХЖШ-ын хэлтсийн дарга хурандаа А.Уламбаяр нар явж байна.

Түүх сөхөх аваас, Цэргийн ёслолын жагсаал нь тухайн улс орны эрх чөлөө, тусгаар тогтнол, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэр төр, жавхаа хийморийн бэлгэдэл бөгөөд тэдгээр байгууллагуудын хамтын ажиллагааг илтгэн харуулдаг юм.

Анх жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд шинэ цагийн Цэргийн ёслолын жагсаалыг явуулж эхэлсэн бөгөөд Ардын журамт цэрэг, Ардын Арми, Зэвсэгт хүчний хөгжлийн үе шатуудад тасралтгүй явагдаж чадаагүй ч 1970-аад оноос 1992 оныг хүртэлх хугацаанд жанжин Д.Сүхбаатарын талбайд тогтмол явагдсаар иржээ.

 

Тодруулбал, Батлан хамгаалахын сайдын 1971 оны тушаалаар “Ардын Армийн 50 жилийн ойн цэрэг, техникийн парад”, 1986 оны тушаалаар "Ардын хувьсгалын 65 жилийн ойн зэвсэг, техникийн парад”, 1991 оны тушаалаар "Ардын хувьсгалын 70 жилийн ойн баярын цэргийн парад", 2022 оны тушаалаар "Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалыг тус тус явуулж байсан ба Ардын хувьсгалын ойн баяр наадмын тэгш ойн жилүүдэд цэрэг, техникийн, харин ойн бусад жилүүдэд зөвхөн цэргийн алба хаагчдын ёслолын жагсаал явагддаг байлаа. Тэрчлэн Монгол Улсын Их Хурлаас 2009 онд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг дахин явуулж эхэлснийг Та бид сайтар мэдэх биз ээ.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.