Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь “Эмээлт” түүхий эд, мал, махны төвлөрсөн бүсэд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Эм Ди Си Пи ХХК-ийн байранд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан хэрэг нэг хэсэг олны анхаарлын төвд өртсөн.
Эл хэрэгт холбогдуулан дээрх компани болон эрх бүхий албан тушаалтан, өмнөд хөршийн иргэн Чен Бин нарыг хууль сахиулах байгууллагад шалгасан билээ. Улмаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд хэлэлцээд Эм Ди Си Пи ХХК-ийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэгт зааснаар 70 сая төгрөгөөр торгох ял оноон, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хассан.
Харин Чен Бинийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан, байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэм буруутайд тооцож, 25.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
Мөн эд мөрийн баримтаар хураагдсан ховор ургамал болон дулааны аргаар бэлтгэсэн 234 864 кг ямааны махыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн билээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг ялыг хэвээр баталсан бөгөөд тогтоол, магадлалыг эсэргүүцэн Чен Бин болон түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан аж. Уг гомдлыг хянаад Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзав. Ингэснээр Чен Бин болон Эм Си Ди Пи ХХК торгох ял шийтгэлээ биелүүлэхээр боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.