2024 оны УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль нь холимог систем буюу 78 гишүүн тойрогт, 48 гишүүн жагсаалтаар (эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлэн байршуулснаар), жендэрийн квотыг 30 хувиар хуульчлан зохион байгуулагдаж 5 нам эвслийн тойргоос 8 эмэгтэй, 5 нам эвслийн жагсаалтаас 24 эмэгтэй нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь түүхэн дээд амжилтыг 8 хувиар ахиулж 25 хувьд хүргэлээ.
Олон Улсын Парламентын холбооноос (Inter-Parliamentary Union) парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр 2024 оны 4-р сарын байдлаар Монгол Улс 17 эмэгтэй гишүүний тоогоор 190 улсаас 129-р байранд бичигдэж байна. Шинээр сонгогдсон 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр Монгол Улс 96-99-р байр руу, энэ нь 27-30 байраар урагшлах болзолыг хангаад байна.
Ардчилал, Сонгуулийг Дэмжих Олон Улсын Хүрээлэнгийн (International IDEA) мэдээлснээр 2024 онд дэлхийн 73 улсад сонгууль болж байгаагаас өнөөдрийн байдлаар 35 улсад сонгууль зохион байгуулагдаж, 1 тэрбум 210 сая орчим хүн сонгуульд оролцож саналаа өгсөн байна. Он дуустал үлдсэн 38 улсын сонгуулийн үр дүнгээс хамааран Парламентад эзлэх эмэгтэйчүүдийн тоогоор Монгол Улсын эзлэх байр хөдөлж болзошгүйг тэмдэглэе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.