Хамтарсан засгийн газар байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Шинээр сонгогдсон 126 гишүүнийг Монгол Улсын авлига хулгайг сууриар нь устгаарай, иргэдийн амьжиргааг өөрчлөх эдийн засгийн реформыг хийгээрэй гэж итгэл хүлээлгэсэн. Иргэдийнхээ өмнө өгсөн энэ амлалтаа 126 гишүүн марталгүй, ажиллах ёстой гэж бодож байна. Тухайлбал, Улаанбаатар хотод улаан гэрэл ассан байгаа. Өвөл эрчим хүчний дутагдалд ороход маш ойрхон байна. Үерт эрсдэх магадлал маш өндөр байна. Агаар орчны бохирдлыг бууруулах цогц шийдэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг явуулахын тулд УИХ дээр ямар бодлого гаргах юм бэ гээд тулгамдсан асуудал маш олон байна. УИХ-ын гишүүн гэдэг нь өндөр албан тушаал бус иргэдийнхээ өмнө амласан дэвшүүлсэн тэр бодлогоо хэрэгжүүлэх хариуцлагатай алба.
Хамтарсан засгийн газрын асуудлын талаар манай намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, шийдвэрээ гаргах ёстой. Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдана. Ингээд шийдвэр гаргаад Үндэсний бодлогын хороогоор хамтын шийдвэр гаргах ёстой. Хэн нэгэн дарга дангаараа шийдвэр гаргаж болохгүй гэдэг байр суурьтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.