Дашзэгвийн Амарбаясгаланг “ялалтын менежер, хэлэлцээрийн мастер” хэмээн нэрлэдэг нь оргүй үг биш. Түүний өнгөрсөн амьдралын түүх үүнийг гэрчилнэ. Анхны сонгуульдаа 26 настайдаа орж НИТХ-ын хамгийн залуу төлөөлөгчөөр сонгогдож байсан нь 2008 он. Түүнээс хойш гурван удаа нэр дэвшихдээ ялагдал гэдгийг амсаж үзээгүй байдаг.
2015 онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга болсон. МАН ялагдаж сөрөг хүчин болчихсон, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалангийн зоригтой тэмцэгч чанарыг нь нам нь үнэлж, 2016 оны сонгуулийг хариуцуулсан байдаг юм. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, мөн оны орон нутгийн сонгуульд 21 аймгийн 20-д, есөн дүүргийн зургаад нь МАН ялалт байгуулав.
Д.Амарбаясгалан ялалтын төлөө уйгагүй ажилладаг. Хөвөгч гэгдэх сонгогчидтой маш нарийн тактикаар ажиллаж чаддаг. Улаан, цэнхэр бүх зураглал толгойд нь шатрын хөлөг шиг байж байдаг. Шатрын гроссмейстер шиг 40-50 нүүдлийн цаадахыг харж чаддаг. Иймд тэрбээр 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа сонгогдсон анхны улс төрч.
2020 оны УИХ-ын сонгууль, мөн оны орон нутгийн сонгуульд тэр бас сонгуулиа удирдан орж ялалтад хүргэсэн. 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр ч МАН олонх боллоо. Иймд түүнийг ялалтын менежер гэж нэрлэдэг нь оносон тодорхойлолт юм.
ҮХНӨ-ийг хийн, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, бүсчилж томруулах санаа анхнаасаа түүний зоримог санаануудын нэг байсан гэх юм билээ. Үүнийг тэрбээр өөрийн намын лидерүүдтэй хамтран хэрэгжүүлсэн. Үр дүнд нь Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж, Засгийн газар тогтвортой ажиллах үндэс суурь тавигдсан. Сонгуулийн хуулийн дагуу олон намын төлөөлөл УИХ-д орох, нэг нэгэндээ хяналт тавих боломж бүрдлээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, УИХ нь Засгийн газраа хүссэн үедээ огцруулдаг байдал түүгээр дуусгавар болж чадсан нь Д.Амарбаясгалангийн улс төрийн том гавьяа мөнөөс мөн.
2024 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын том хөзөр бол яах аргагүй “Шинэ хоршоо” байлаа. Дөнгөж эхэлж байгаа энэхүү ажлын автор нь мөн л Д.Амарбаясгалан. Аав Д.Дашзэгвэ нь “Жаран жил хоршоолол”-ын дарга, малын үүлдэр угсаа, мах, сүүний гарц сайжруулах чиглэлээр олон ажил дагнан ажилласан, Норвегийн улаан үхрийн цөм сүргийг бий болгосон хүн юм гэдгийг сая баруун аймгийнхан мэдэж авлаа. Аавын үлгэр дуурайллаас л “Шинэ хоршоо”-ны санаа төрсөн юм билээ.
Одоо тэрбээр намаа биш, улс эх орноо бодохоор сэтгэл шулууджээ... Хэлэлцээрийн мастер үүнийг манлайлан ажилласан байна. Үр дүнд нь 2028 онд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрч, эдийн засаг 2012 оны үе шиг 16 хувьд хүрэх болно. Гроссмейстерт бүх зүйлийн эхлэл, төгсгөл урьдаас харагдсан байдаг юм гэнэ билээ. Тэр бол ийм л манлайлагч хүн юм.
Д.Төв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.