Сүлжээний залилангийн аргаар Хөвсгөл аймгийн 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг мэхлэн авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон “Бэлтэсмөрөн” ХХК-ийн удирдлагад холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүх шийдвэрлэлээ.
Тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавдугаар сарын 29-нөөс “Бэлтэсмөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэж, 11 дэх өдрөө шүүхийн хэлэлцүүлгийг дуусгасан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэр гаргахаар өчигдрийг хүртэл завсарлуулаад байв. Уг завсарлага дуусаж шүүгч нар шийдвэрээ танилцуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-5-д заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсний дагуу шүүх хуралдааныг энэ оны наймдугаар сарын 23-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа.
“Бэлтэсмөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 3.2-т заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”, 18.6-2.1, 2.2 дахь хэсгийн хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.