“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүгдэгч, “Бэрэн групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр, Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүн Г.Байгалмаа, Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга асан, хурандаа Э.Эрдэнэ болон тэдний өмгөөлөгч тэргүүтэй хүмүүсийн гомдол, НПГ-ын хяналтын прокуроруудын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх лхагва гарагт хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх хурлыг товложээ.
Дээрх хүмүүсээс гадна Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Н.Мөнхбат, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, тус банкны ТУЗ-ийн дарга байсан Б.Даажамба, М.Баярмагнай, дэд захирал асан Б.Чойжилжалбуу, Тамгын хэлтсийн даргын албан тушаал хашиж асан Ж.Ганхуяг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Будхүү, хэлтсийн дарга асан Т.Мөнхтулга, эл банкны төслийн санхүүжилт хариуцсан мэргэжилтэн байсан С.Батзориг, “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Галсанням, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж ахуйд Тамгын газрын дэд дарга байсан, өдгөө СЕХ-ны гишүүн Г.Байгалмаа, иргэний хариуцагч “Энержи ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх, Э.Ганбат, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны уг албан тушаалыг хаших болсон С.Магнайсүрэн, УИХ-ын гишүүн, хээл хахууль авсан хэмээн ял шийтгүүлээд буй Ё.Баатарбилэг, “Бэрэн групп”-ийн нягтлан бодогч Т.Болдмаа, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг, “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр, “Модун” ХХК-ийн захирал Д.Батбаяр, “Пи си вай”, “Инжир”, “Комплант” ХХК-ийн албан тушаалтнууд, тэдний өмгөөлөгч нар тус шүүхэд гомдол гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Харин давж заалдах шатны шүүх цагаатгасан болон ял нь гэм буруутай байдалтай нь тохироогүй гэж үзсэн зарим шүүгдэгчийн хэргийг анхан шатны шүүхээр дахиж хэлэлцүүлэхээр буцааж, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг тусгаарлан прокурорт буцаасан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.