СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2024-06-09

Ц.Алтанцэцэг: Иргэдээ хөгжүүлээгүй улс орон хөгжихгүй

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Баянгол дүүргийн намын хорооны гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Цэрэндуламын Алтанцэцэгтэй ярилцлаа. Монголын олон мянган санхүүч, нягтлан бодогчын төлөөлөл болсон мэргэшсэн нягтлан бодогч, дайчин хүчтэй эмэгтэйчүүдийн нэг бол Ц.Алтанцэцэг юм 

-Та ардчилсан намын гишүүн. Яагаад ардчилсан намыг сонгох болов?

-Би ардчилсан хувьсгал гарах үеэс л дэмжиж ирсэн хүмүүсийн нэг. Нэг намын бодлогоор улсыг удирдаж байсан социалист нийгмийг сайн мэддэг төгсгөлийн үеийн хүмүүсийн нэг нь би шүү дээ. Биднээс дээш үеийнхэн тэр нийгмийг бүгд мэднэ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой. Тэр үед бүх юм улсын өмч байлаа. Хувийн өмч гэх зүйл бараг байхгүй байв. Хувь хүний эрх чөлөө гэдэг зүйл огт байдаггүй байсан. Даргын өөдөөс үзэл бодлоо илэрхийлбэл гэмтэн болно. Өрх гэрээ сайхан амьдруулах гээд арилжаа наймаа хийвэл дамын наймаачин. Ая тухтай амьдах гэвэл хөрөнгөтөн гээд адалчихна. Эсэргүү ч болж байсан. Тийм л нийгэм байлаа. 1990 онд олон сайхан залуус тэр үеийн нийгэм, эдийн засгийн байдлыг шүүмжилж, амь насаараа дэнчин тавин байж ардчилсаан хувьсгалыг хийсэн. Тэр үед миний бие харьцангуй залуу байсан болхоор сэтгэл зүрхээрээ дэмжиж явдаг байлаа. 2007 онд анх Ардчилсан намд элсэн орж байлаа. Намын бодлого зорилгыг өөрийнхөө хэмжээнд ойлгоод үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож эхэлсэн.

Яагаад Ардчилсан намыг сонгох болсон бэ гэвэл хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, зах зээлийн өөрчлөлтийн буянаар монголчуудыг нийтээр нь хувийн өмчтэй болгох, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгосон гээд олон сайхан бодлого нь надад таалагдсан учраас сонгосон.  Залуус өөрчлөлт шинэчлэлт, эрх чөлөөт байдалд дуртай учраас сэтгэл зүрхээрээ Ардчилсан намыг сонгож байлаа.

-Ардчилсан намын үзэл баримтлал, чиг хандлагаас юу нь таны хувьд хүний үзэл бодолд ойр байсан бэ?

-Ардчилсан намын эрхэм зорилго бол “Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах боломжийг дэмжин, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш хариуцлагатай, ардчилсан Монгол улсыг хөгжүүлэх” гээд цагаан цаасан дээр хараар бичиж тунхагласан нам. Үүнээс илүү чухал, үүнээс үнэ цэнэтэй үнэт зүйлс бидэнд хэрэгтэй билүү.

Хаана амьдрах тав тухтай орчин, эрх чөлөө байна хүн гэдэг тийшээ л зүтгэдэг шүү дээ. Хувь хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй.

-Та бол мэргэшсэн нягтлан бодогч. Олон улсын стандартад нийцэж ажилладаг манлайлагч нягтлан бодогчдын нэг. Харин Ардчилсан намын удирдах түвшинд ажилладаг улс төрчийнхөө хувьд нийгмийн аль салбарт илүү анхаарал тавьж ажилладаг вэ?

-Би хүүхэд залуус, өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэг. Миний бие Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн үеэсээ буюу 2011 оноос өнөөг хүртэл яг энэ хүмүүстэй түлхүү ажиллаж байна. Ялангуяа маш их эмзэглэж явдаг асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих, орлого олох тал дээр олон ажил хийж байна.

Улс орон хөгжихийн хирээр, техник технилоги хөгжсөн. Мөн үүнийг дагаад хөдөлмөр аюулгүй байдал алдагдсан. Харамсалтай байдлаар барилга болон авто ослоор маш олон хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Тэр хүмүүс төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бодвол сэтгэлзүйн хувьд маш амархан унадаг, нийгэмд төлөвшиж чадахгүй байна. Энэ бол тэр хүмүүсийн буруу биш шүү дээ. Хэн ч ажилгүй орлогогүй хөгжлийн бэрхшээлтэй болохыг хүсэхгүй. Гэнэтийн ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс нийгэмшиж чадахгүй амиа хорлох, архи дарс, сэтгэл гутралд ордог. Түүн дээр үндэслээд энэ төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг илүү анхаарч ажиллаж эхэлсэн.

Нэгэн мундаг бүсгүйтэй танилцаж, жижиг сургалтууд явуулж эхэлсэн. Эсгийгээр гар урлал хийх эхлэлийг тавьж байсан. Сонгинохайрхан дүүргийн халамжынхан өрөө гаргаж өгөөд, сургалтуудаа эхлэж байсан. Бидний анхлан тэгээс эхэлсэн эсгий урлалын хөгжил өнөөдөр супер болжээ. Гутал, хувцас, дээл гээд хийхгүй юм алга. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас таван тэрбум төгрөг олгож эхлэсэн цагаас эхлээд жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих төслийн хүрээнд сургалт явуулах, төсөл бичих, жижиг дундын зээлэнд хамруулах гээд олон ажлыг хэрэгжүүлж гар бие оролцож, бас чадлынхаа хэрээр хөөцөлдөж бүтээсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр мөн л олон хүнийг ажлын байртай болгосон. Харамсалтай нь энэ сангууд байхгүй болж байна.

Ер нь нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал оролцоо их чухал байдаг. Эрчүүд төр барьж байхад нийгмийн эмзэг бүлэг, тулгамдсан нарийн ширийн асуудалтай эмэгтэйчүүд л нүүр тулж гардан  гүйцэтгэж байдаг. Надад хандсан болгонд туслахыг хичээж ирлээ. Эх хүний мөн чанар, надад итгэж ханддаг хүмүүсийн их хүч л үүнд нөлөөлж, намайг урагш түлхдэг байх.

-Та НИТХ-ын төлөөлөгч байхдаа нэлээд ажлыг санаачлан хийж байсан. Энэ тухайгаа яриач. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр “Жишиг гудамж” төслийг та удирдан гардан хийсэн байтал нэг нөхөр өөрөө хийсэн мэтээр ярьж байхыг үзсэн юм л даа?

-“Жишиг гудамж” миний хийсэн ажил мөн л дөө. Хүн гэдэг амьтан өнгөрснөө мартдаг учраас сануулж хэлэх нь зүйтэй юм болвуу гэж бодож байна. “Жишиг гудамж” төслийн хүрээнд Ганданг сонгосон. Гудамжинд нь хоёр машин зөрөх зай байхгүй. Бороо орохоор хүн ч явах нөхцөлгүй байдалтай байсан. Гандан маань өөрөө түүхийн дурсгалт өв болсон газар. Жуулчны салбарыг хөгжүүлэх ёстой газрын нэг. Түүхийн дурсгалт өв болсон газарт жуулчдыг татахын тулд тэр хавийн айлуудыг байшинг амины орон сууц болгох нь зүйтэй байсан. Энэ ажлын хүрээнд жишиг гудамж үүсгээд цэвэр бохир усны шугамыг нь гудамжаар явуулсан. Тухайн айл цэвэр бохирын шугамыг хашаан дотроо оруулахад 18 сая төгрөгийн өртөг гарна. Харамсалтай нь энэ үнээр гэртээ цэвэр бохироо татах айл бараг байгаагүй л дээ.

Бусад гэр хорооллынхон манай гудамжыг ийм болгоод өгөөч гэсэн хүсэлт их ирдэг байлаа. Боломж бололцоо олдвол “Гудамж төсөл”-өө үргэлжлүүлнэ ээ.

Миний бие журмын олон нөхдийнхөө хамтаар 2012-2016 онд Баянгол дүүргээс НИТХ-д төлөөлөгч болж байсан. Надад ирсэн тэр их итгэлийг хөсөрдүүлэхгүйн чөлөө зүтгэж чамгүй сайн ажилласан гэж боддог. Бид маш их бүтээн байгуулалтыг хийж чадсан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 11, 15, 17, 18, 19 хороодод цэцэрлэг байгуулсан. 16 дугаар хороонд жижиг гудамж байгуулалцсан. Дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмж, нэг цэгийн үйлчилгээтэй хорооны байрыг 11, 17, 19 дүгээр хороонд бариулж байлаа. Орон сууцны дээвэр, кодтой хаалга гэх мэт олон ажлыг он оноор жагсаавал маш их ажлыг хийсэн байдаг.

Бид иргэдтэйгээ тулж ажилладаг байлаа. Иргэдээсээ асууж, иргэдийн оролцоотойгоор улс, нийслэл, дүүргийн төсөвт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг тусгаж чадсан. Аливаа ажлыг хийхэд сэтгэл зүтгэл, багийн удирдлага, зохион байгуулалт хэр чухал вэ гэдэг нь эндээс харагдана.

Би Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байхдаа нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлагын хүрээнд олон байгууллагуудын оруулсан хөрөнгө оруулалтаар нийтдээ 11 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ.

Хамгийн анхны ногоон байгууламжийн суурийг тавьж, мод тарихад хөрөнгө оруулалтыг хийж, одоогийн хүүхэд залуучуудын хамгийн их зугаалах дуртай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бий болгоход хувь нэмэр оруулсан. Миний үед тариулж байсан модод эдүгээ их өндөр болсон. Өглөө бүр Цэцэрлэгт хүрээлэнгийнхээ хажуугаар явахдаа ногоорон харагдах моднуудаа харж би үүнийг бүтээсэн шүү дээ гэж бахархаж явдаг даа. /Инээв. Сурв/

Мөн Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаас орох нийт 25 га газрын үүдний хаалга, зам, усан оргилуур гэрэлтүүлэг гээд маш олон ажлыг хийж чадсан. Харамсалтай нь засаг солигдлоо энэ ажил таг гацсан байдалтай. Төр засгийн залгамж халаа гэж байлгүй л яахав. Ямар ч нам засаглалаа гэсэн ард иргэдийнхээ амар амгалан, аз жаргалтай амьдрахад чиглэсэн төрийн аливаа ажил зогсож тасалдах ёсгүй.

Иргэдээ хөгжүүлээгүй улс орон хөгждөггүй. Дээр байгаа хүмүүс улс орноо хөгжүүлье, иргэдээ хөгжүүлье гэсэн сэтгэл байхгүй бол урагшлах зам байхгүй.

Иргэд маань улам л бухимдалтай болоод маш их стресстэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.