Увс аймгийн Зүүнхангай сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Дуламсүрэнгийн Жанчивдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр /2024.06.08/ болж өнгөрөв.
Тус барилдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, улсын аварга Д.Хадбаатарын хүү аймгийн өсөх, өрнөх начин Мягмарсүрэн түрүүлж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Даваамөнхийн Баатархүү үзүүрлэв.
Дөрөвт Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат аймгийн арслан С.Цогтбаатар нар шалгарлаа. Харин наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн заан Э.Өлзийбаяр, аймгийн заан О.Төрбат, аймгийн өсөх начин О.Баярбаасан нар үлдэв.
Улсын начин Д.Жанчивдорж “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн өсөх, өрнөх начин Х.Мягмарсүрэнд, “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн өсөх начин О.Баярбаасанд тус тус гардууллаа.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын начин Д.Жанчивдоржид МҮБХ болон үе тэнгийн бөхчүүд, “Увснуур” дэвжээний төлөөлөл, нутаг орны ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүлсэн юм.
Өнөөдөр/2024.06.08/ 11:00 цагаас Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.